OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны анхдагч арилжааг эхлүүллээ
OCHUN Finance-ийн олон нийтэд санал болгож буй 40 тэрбум төгрөгийн "OCHUN Актив" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр цан цохих ёслолоор эхэллээ. Ёслолд OCHUN Finance болон Очир Ундраа группийн удирдлага, андеррайтер, хөрөнгө оруулагч, бизнесийн салбарын төлөөллүүд оролцов. Энэ бол Очир Ундраа группийн хувьд нээлттэй хөрөнгийн зах зээлд гарч буй анхны алхам юм. OCHUN Актив ХБҮЦ-ны нэрлэсэн үнэ 100,000 төгрөг ба хугацаа 24 сар, жилийн хүү 18.5%. Хүүг улирал тутам, үндсэн төлбөрийг хагас жил тутам төлөх юм. "Очир Ундраа" группийн Үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Т.Гантөмөр "Манай хамт олон шударгаар хөдөлмөрлөж, олсон ашиг орлогоороо ББСБ-аа цогцлоосоор өдгөө тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг болж чадсан байна. Өнгөрсөн жил группийн алсын хараагаа 'Дэлхийд өрсөлдөх Монголыг бүтээлцэх' гэж тодорхойлсон. Үүний тулд хөрөнгийн зах зээлд идэвхтэй тоглогч байх ёстой бөгөөд ХБҮЦ бол энэ үйл хэргийн анхны алхам" хэмээн онцоллоо. ХБҮЦ нь тодорхой хөрөнгийн багцаас орж ирэх мөнгөн урсгалд тулгуурлан гаргадаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. OCHUN Finance-ийн хувьд олгосон зээлийнхээ эргэн төлөлтөөс хөрөнгө оруулагчдад хүү, үндсэн төлбөр олгох бөгөөд эдгээр зээл барьцаа хөрөнгөөр баталгаажсан гэдгээрээ давуу талтай. OCHUN Finance-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл “Өсөлтийн дараагийн шатандаа зориулж босгож байгаа энэхүү 40 тэрбум төгрөгийн үнэт цаасны ард нийт 44 тэрбум төгрөгийн 1,919 зээлийн гэрээ, мөн тус гэрээнүүдийн барьцаа болсон 97.6 тэрбум төгрөгийн автомашин, үл хөдлөх хөрөнгө байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд томоохон баталгаа юм.” хэмээн шинээр гаргаж буй ХБҮЦ-ныхаа онцлогийг тайлбарлав. 2008 онд "Очир Ундраа ОМЗ ББСБ" нэрээр байгуулагдсан OCHUN Finance өдгөө 8 салбар, 80 гаруй ажилтан, 120,000 гаруй харилцагчтайгаа тогтвортой өсөлтийг эрхэмлэн ажиллаж байна. 2025 оны эцсээр нийт хөрөнгө 134.1 тэрбум төгрөгт хүрч 47.7%-иар, зээлийн багц 118.7 тэрбум төгрөгт хүрч 45.5%-иар тус тус өсжээ. Энэ өсөлтөө тогтвортой үргэлжлүүлэхийн тулд компани санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, ХБҮЦ-аар татсан хөрөнгөө зээлийн багцаа нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр олон нийтэд санал болгож буй бөгөөд үндсэн андеррайтераар "Таван Богд Капитал" ҮЦК, дэд андеррайтераар "ТДБ Секьюритиз" ҮЦК, арилжааны биржээр "Улаанбаатар үнэт цаасны бирж" ажиллаж байна. Мөнх амьдралыг бэлгэддэг Цан цохих ёслол "Энэ цангийн цуурай шиг Монгол Улсын хөгжил үеэс үед дэлгэрэн дэвжих болтугай" гэсэн ерөөлөөр өндөрлөлөө. 40 тэрбум төгрөг. Өсөлтийн дараагийн алхам. ВИДЕО:
