Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал
Юнител группийн Дижитал шилжилтийн газрын захирал Б.Жулдыз: Дотоод процесс бүрд өгөгдлийн хяналтыг мөрдүүлж, үндэсний технологийн чадавхыг ашиглах нь чухал Өгөгдлийн хэмжээ өсөхийн хэрээр түүнийг хэрхэн эзэмших, хамгаалах, солилцох, ашиглах тухай асуудал технологийн хүрээнээс гарч, бизнес болон бодлогын асуудал болж байна. Өгөгдлийг бодит үнэ цэн болгон ашиглахын тулд чанар, эзэмшил, нууцлал, аюулгүй байдал, ашиглах эрх зэрэг асуудлыг зэрэг шийдэх шаардлагатай. Энэ асуудлыг DATA & AI Governance Forum 2026-ийн “Их өгөгдөл, хэрэглэгчийн нууцлал ба хариуцлагатай AI” хэлэлцүүлгээр хөндөж, төр, банк, харилцаа холбоо, уул уурхай, AI-ийн салбарын төлөөлөл өгөгдлийн засаглал, эрх зүйн орчин, бодит хэрэглээний талаар байр сууриа солилцов. Өгөгдөл шинэ бүтээгдэхүүн болж байна Хэлэлцүүлгийн үеэр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын төлөөлөл өгөгдлийг зөв ашиглах нь хэрэглэгчийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг бий болгож буйг бодит жишээгээр тайлбарлав. Мобикомын төлөөлөгч Ж.Магваншийрав хэрэглэгчийн өгөгдөлд хийсэн шинжилгээнд үндэслэн зээлжих чадварыг үнэлж, хэрэглэгчийн зан төлөвт суурилсан гар утасны зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлсэн туршлагаас хуваалцлаа. Эндээс өгөгдлийн асуудал зөвхөн “хаана хадгалах вэ?” гэсэн техникийн асуултаар хязгаарлагдахгүй нь харагдана. Өгөгдөл солилцох, харилцан итгэлцлийг бий болгох эрх зүйн орчин бүрдвэл байгууллагуудын эзэмшиж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нэмэгдэх талаар саналаа хэлсэн юм. Хууль, эрх зүйн орчноос гадна хэрэгжилт чухал Өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг байв. ХХЗХ-ны Зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд: Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгч өгөгдлийн тухай хуулийн төсөл батлагдвал олон улсын стандарт, тэр дундаа GSMA-ийн жишигт нийцсэн зохицуулалт бий болгож, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжилтийг хангахад анхаарах шаардлагатайг онцоллоо. Юнител группийн Дижитал шилжилтийн газрын захирал Б.Жулдыз хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ түүнийг бодитоор хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлдэг тогтолцоо чухал гэдгийг онцлов. Юнителийн хувьд хэрэглэгчийн мэдээлэлд хандах эрхийг ажлын хэрэгцээ, тодорхой нөхцөлтэй уялдуулан зохицуулж, системийн хандалтыг хянах механизмыг өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлдэг байна. “Журам цаасан дээр бичигдээд хэн нэгний шүүгээнд үлддэг зүйл биш, процесс бүр дээр хэрэгждэг байх ёстой.” Ийм тогтолцоог хэрэгжүүлэхэд зөвхөн дотоод журам бус, өгөгдлийг нэг дор удирдах, хандах эрхийг зохицуулах, хамгаалах, чанарыг хянах боломжтой технологийн суурь мөн шаардлагатай. Үүний нэг жишээ нь олон улсын технологийн Dell компанитай хамтран нэвтрүүлсэн өгөгдлийг нэгдсэн орчинд удирдах, боловсруулах, шинжлэх боломж бүрдүүлдэг Data Lakehouse технологи юм. Энэ нь өгөгдлийн засаглал зөвхөн журам батлах бус, хүн, технологи, өгөгдлийг уялдуулж, шаардлагыг өдөр тутмын процесс бүрд мөрдүүлдэг тогтолцоо болохыг харуулж байна. Иймээс байгууллагын түвшний хэрэгжилтээс гадна улсын хэмжээнд ч хууль, эрх зүйн зохицуулалтыг бодит мөрдөлтөөр дэмжих, хэрэгжилтийг хариуцах бүтэц, хяналтын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай Дотоодын технологийн чадавхыг ашиглах нь Б.Жулдыз мөн өгөгдөл болон AI-ийн шийдэл хөгжүүлэхдээ олон улсын стандарт, туршлагыг нутагшуулахын зэрэгцээ Монголд бий болсон технологийн компаниуд, мэргэжлийн хүний нөөц, хуримтлуулсан туршлага, хөгжүүлсэн шийдлүүдийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Өөрөөр хэлбэл, өгөгдлийн засаглалын тогтолцоог бий болгоход бүхнийг гаднаас хайх бус, олон улсын сайн туршлагыг дотоодын технологийн чадавх, мэргэжлийн ур чадвартай хослуулах боломжтой. Энэ нь өгөгдлийн засаглалын нэг чухал тал болох ур чадвартай, мэргэжилтнүүдийн асуудлыг хөндөж байна. Өгөгдлийг удирдах тогтолцоо нь зөвхөн технологиос бус, түүнийг хэрэгжүүлж, өдөр тутам мөрдүүлэх хүний ур чадвар, байгууллагын процессоос мөн хамаарна. AI-ийн өмнө шийдэх асуудал нь өгөгдөл AI-ийн хэрэглээ өргөжихийн хэрээр өгөгдлийн засаглалын ач холбогдол улам тодорхой болж байна. Байгууллага AI ашиглахын өмнө ямар өгөгдөл ашиглаж байгаа, чанар нь ямар, хэн эзэмшиж, хэн ашиглах эрхтэй, хэрхэн хамгаалах вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. DAMA Mongolia-ийн форумд өгөгдлийн чанар, эзэмшил, нууцлал, аюулгүй байдал, байгууллага хоорондын өгөгдөл солилцоо болон AI-ийн хариуцлагатай хэрэглээг нэг хүрээнд авч үзсэн нь үүнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, AI-ийн хөгжил хурдсаж байгаа энэ үед дараагийн том сорилт нь зөвхөн AI-ийн технологийн хүчин чадал биш. Түүнийг ажиллуулах өгөгдөл хэр чанартай, найдвартай, хамгаалагдсан, хариуцлагатай ашиглагдах боломжтой вэ гэдэг асуудал юм. Тиймээс өгөгдлийн засаглал нь зөвхөн IT-ийн асуудал биш. Бизнесийн шинэ боломж, хэрэглэгчийн итгэлцэл, эрх зүйн орчин, байгууллагын дотоод хяналт, хүний мэргэжлийн чадавхыг холбож байж өгөгдөл бодит үнэ цэн болж чадна.
