Нийслэл хотод гурван байршлын авто замын ажил дуусаж, улсын комисс хүлээж авчээ
Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд нийслэл хотод гурван авто замын засварын ажил дуусжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн 1дүгээр хороо 20, 22-р байрны зүүн талын явган хүний болон авто замын засвар шинэчлэлтийн ажлыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авчээ. Тус зам нь 0.28 километр урт авто зам, 1 эгнээтэй зорчих хэсгийн өргөн 4 метр, хоёр талдаа 1.5м явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай баригджээ. Мөн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Петровис ШТС-ын баруун талаас “Эрин” хорооллын 46/1 байр хүртэлх авто замыг ашиглалтад оруулсан байна. Тус чиглэлийн авто зам нь хоёр талдаа 2 метрийн өргөн явган хүний зам, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй 0.63 км урт авто зам. Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 километр авто замыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авчээ. Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн 7 метр бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой, үерийн далантай байна.
