Depository of News

Диана гүнжийн дүүгийн дурсамж номд дурдагдсан хамгийн их дуулиантай таван баримт

newsdepo.com · world

Диана гүнжийн төрсөн дүү Ерл Чарльз Спенсерийн шинэ дурсамж ном удахгүй хэвлэгдэхээр болсон нь нэлээд дуулиан тариад байна. Өнгөрсөн нэг долоо хоног гаруй хугацаанд Британийн “Daily Mail” сонин уг номын хэсгээс цувралаар нийтэлсэн юм. Нийтлэгдсэн хэсэгт Диана болон одоогийн хаан III Чарльз нарын аз жаргалгүй гэрлэлтийн гунигтай дурсамжууд багтжээ. Энэ долоо хоногт Букинхэмийн ордон хааны нэрийн өмнөөс номын талаар мэдэгдэл гаргасан нь маш ховор тохиолдол байлаа. “Swan Song” нэртэй уг номыг Penguin Random House компани хэвлэн гаргаж байгаа юм. Одоогоор нийтлэгдсэн хэсгүүдээс олны дунд хамгийн их дуулиан тарьсан таван баримтыг хүргэж байна. Дианагийн үхлийн мэдээг сонсоод Чарльз “хөөрөн баярлаж” байсан 1997 оны наймдугаар сарын 31-ний шөнө Парис хотод Диана гүнж зам тээврийн ослоор амиа алдсан тухай мэдээ анх цацагдахад тухайн үед хунтайж байсан Чарльз хэрхэн хүлээж авсныг Спенсер номдоо дурссан байна. Энэ талаар утсаар мэдэгдэхэд Чарльз “сугалаанд хожсон хүн мэт маш их баяр хөөртэй хүлээж авсан” гэж уг дурсамжид өгүүлжээ. “Одоо эргээд бодоход хунтайжийн анхны хариу үйлдэл нь өөрийн хайрладаг эмэгтэйтэй гэрлэх боломж олдсон үйл явдал гэж үүнийг харснаас болсон байх магадлалтай. Хайргүй байсан хүнийхээ үхэлд гашуудахаас илүүтэйгээр ийм бодолд автсан байснаас болсон байх гэж би тааж байна” гэж Спенсер дурссан байна. “Зүгээр дээ, удахгүй бид түүнийг мартах болно” Сүүлд Дианаг оршуулах ёслолын үеэр тэдний хүүхдүүд болох хунтайж Уилльям, Харри нарыг ээжийнх нь авсны ард алхуулах эсэх асуудлаар маргаан гарчээ. Энэ маргааны үеэр Чарльз гэнэт уур бухимдлаа хүчтэй илэрхийлж, маргаанаа хэсэг завсарлаж байсан гэнэ. “Би тэр завсарлагыг уур бухимдлаа барих гэсэн оролдлого гэж эхлээд бодсон. Гэтэл тэр удалгүй Дианаг үл хүндэтгэх сэтгэл болон түүний үхэлд дэлхий нийтээр эмгэнэн гашуудаж буйд айсан сэтгэлээ илэрхийлсэн үгсийг урсгаж байв” гэж Спенсер бичжээ. “‘Санаа зоволтгүй дээ. Бид түүнийг удахгүй мартах болно’ гэж тэр шүдээ зуун хэлэхэд би ‘Та үнэхээр ингэж хэлж байгаад итгэж чадахгүй нь’ гэж хариулаад утсаа тасалсан” гэж Спенсер дурссан байна. Спенсер бас эгчийнхээ авсны ард алхаж явахад сэтгэл санаа нь асар их дарамттай байсныг, Дианаг нас барсны дараа хунтайж Харрид “хайр халамж илт дутагдаж байгаад” санаа зовж байснаа бичжээ. Чарльз, Диана нарын аз жаргалгүй гэрлэлт Спенсер дурсамж номдоо өөрийн эгч болон хунтайж Чарльз нарын аз жаргалгүй гэрлэлтийн талаар дэлгэрэнгүй бичиж, тэр ч байтугай Диана сүйн ёслолоо цуцлахыг оролдож байсныг өгүүлсэн байна. Энэ оролдлого Чарльз өөрийн дүү Эндрью Маунтбаттен-Виндзорын 21 насны төрсөн өдрийн үдэшлэг дээр Дианаг огт тоохгүй байсны дараа гарсан гэнэ. “Сэтгэл гонсойсон тэр үдшийн дараа Диана аав дээрээ очсон. Тэрбээр өөрийг нь огт хайрладаггүй нь тодорхой хүнтэй гэрлэх хүсэлгүй байгаагаа аавд хэлж байв. Гэвч аав сүйг цуцлахыг зөвшөөрөөгүй” гэж Спенсер бичжээ. Чарльз одоогийн эхнэр, хатан хаан Камиллад зориулан бугуйвч худалдаж авсныг Диана мэдсэний дараа ийм явдал болж байсан гэнэ. Мөн хуримын өмнөх өдөр Чарльз “би чамтай гэрлэж байгаадаа маш их баяртай байгаа ч үнэндээ хайргүй гэдгийг минь бас мэдэж байх хэрэгтэй” гэж Дианад хэлснийг эгчийнхээ найзаас сүүлд сонссоноо Спенсер дурсжээ. “Өө, арай л тарган байна. Тийм биш гэж үү?” Хос хоёр сүй тавьснаа зарласны дараахан Чарльз Дианагийн бэлхүүснээс атгаж аваад “Өө, энэ хэсэг арай л тарган байна. Тийм биш гэж үү?” гэж хэлж байжээ. Булимиа гэдэг хооллолттой холбоотой эмгэгээр шаналж байсан Дианагийн хувьд энэ үг “маш хүнд” туссаныг Спенсер бичсэн байна. “Сүй тавьснаас хойш хурим хүртэл хугацаанд түүний бэлхүүсний тойрог 29 инчээс 23.5 инч болж нарийссаныг тэр надад хожим ярьж байсан” гэж Спенсер эгчийнхээ талаар дурсжээ. Дианагийн хэргэмийг сэргээх Хатан хаан II Элизабетын санал Спенсерийн өгүүлснээр Дианагийн оршуулгын өдөр Хатан хаан II Элизабет түүнийг Чарльзтай гэрлэлтээ цуцлуулсны дараа хураан авсан “HRH” (Her Royal Highness) язгууртны хэргэмийг сэргээх санал тавьж байжээ. Уг эмгэнэлт явдлаас жилийн өмнө Хатан хаан гэрлэлтээ цуцлуулсан хүнээс уг хэргэмийг хураах шийдвэр гаргасан нь Дианагаас гадна хунтайж Эндрьюгээс салсан Сара Фергюсонд бас хэрэгжиж байсан гэнэ. Хэргэмийг нь хурааж авсан шийдвэрийг Диана тухайн үед “өш хонзонгийн нэг жижиг илрэл” гэж дүгнээд “маш их гомдож, сэтгэлээр унаж байсан” тухай Спенсер бичсэн байна. Тиймээс тэр эгчийнх нь хэргэмийг сэргээх Хатан хааны саналд татгалзсан хариу өгч байжээ. “Эгч маань нас барсных нь дараа сэргээсэн энэ хүндэтгэлийг хэрхэн хүлээж авахыг би зүрх сэтгэлээсээ мэдэрч байлаа” гэж бичсэн Спенсер энэ асуудлаар Хатан хааны хувийн нарийн бичгийн дарга Роберт Феллоузтай уулзахдаа “Мэдээж энэ бол хатан хааны сайхан сэтгэлийн илрэл. Гэхдээ одоо ингэх хэрэг юу байна ? Роберт ?, одоо Диана хэдийнээ нас барчихсан шүү дээ” гэж хэлж байснаа бичжээ. Эх сурвалж: CNN

Read full article →