Depository of News

Азийн Наадмын үеэр Өмнөд Солонгосын тамирчдад зориулан Умард Солонгосын төрийн дууллыг тоглуулжээ

newsdepo.com · world

Япон улсад үргэлжилж буй Азийн Наадмын үеэр Өмнөд Солонгосын эрэгтэй хоккейн багт зориулан Умард Солонгосын төрийн дууллыг тоглуулсан ноцтой алдаа гарчээ. Бангладешийн багийг 5:0 харьцаатай хожсон Өмнөд Солонгосын тамирчид өөр улсын төрийн дуулал тоглуулахад эвгүй байдалд орж, яах учраа олохгүй байгаа нь харагдаж байв. Зохион байгуулагчид Бангладешийн төрийн дууллыг тоглуулсныхаа дараа Өмнөд Солонгосын зөв төрийн дууллыг дахин тоглуулсан байна. Дараа нь зохион байгуулагчид стадионы чанга яригчаар уучлал гуйжээ. Өмнөд Солонгосын багийн дасгалжуулагч Мин Тэ Сок “Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Бид эсэргүүцэл илэрхийлэхэд тэд ‘уучлаарай, бэлтгэл муу байсандаа биш, дуулал тоглуулах үүрэгтэй хүний гаргасан алдаа байлаа’ гэж тайлбарласан. Гэхдээ ийм зүйл огт тохиолдох ёсгүй байсан юм” гэж ярьсан байна. Өмнөд Солонгос улсад Умард Солонгосын төрийн дуулал болон бусад бэлгэдлийг ашиглах хуулиар хориотой байдаг. 1950-1953 онуудад үргэлжилсэн Солонгосын дайн энхийн гэрээ байгуулалгүйгээр өндөрлөсөн тул хоёр улс одоог хүртэл албан ёсоор дайны байдалд оршдог юм. Өнөөдөр албан ёсоор эхэлж буй Азийн Наадмын үеэр оролцогчдын байрны чанар, хүрэлцээтэй холбоотой гомдол гарсаар байгаа. Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн тамирчид орон дээр хэвтэхэд хөлөө тэнийлгэж болохгүй байгаа талаар гомдол гаргасан бол нэг тамирчин байрных нь сантехникийн систем эвдэрч, шал нь усанд автсан байгааг харуулсан дүрс бичлэгийг “Надад туслаач” гэсэн тайлбартай сошиал сүлжээнд нийтэлж байв. Зохион байгуулагчид наадмын оролцогчдод хангалттай байр бэлдэж чадаагүйн улмаас заримыг нь зөөврийн модон чингэлэг сууцанд, заримыг нь Нагоягийн боомтод байрлуулсан аяллын хөлөг онгоц дээр байрлуулаад байгаа. Мөн энэ долоо хоногт Нагояд хүрэлцэн ирсэн оролцогчид нисэх онгоцны буудал дээр зургаан цаг хүртэл хугацаанд гацсан тохиолдол гарсан байна. Эх сурвалж: BBC

Read full article →