Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн ТОП 5 бүтээн байгуулалт
Энержи Ресурс ХХК 2005 онд байгуулагдаж, 2009 оноос Ухаа худаг уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш богино хугацаанд уурхайн үндсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжүүлэн сайжруулсаар ирсэн. Эдгээр бүтээн байгуулалт нь зөвхөн уурхайн үйл ажиллагааг дэмжих төдийгүй эрчим хүч, ус хангамж, тээвэр ложистик болон орон нутгийн хөгжилд чиглэсэн цогц шийдлүүд болон өргөжсөн юм. 1. Нүүрс баяжуулах үйлдвэр Тус компани Монголдоо анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг байгуулсан бөгөөд жилд 15 сая тонн хүртэлх нүүрсийг баяжуулах хүчин чадалтай байна. Нүүрс баяжуулснаар экспортын бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, 2014 - 2025 онд ойролцоогоор 1.0 тэрбум ам.долларын нэмэгдэл экспортын орлого, тээврийн зардлын хэмнэлтийг оролцуулан нийт 1.1 тэрбум ам.долларын эдийн засгийн үр ашиг бий болгожээ. 2. Цахилгаан станц Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг 2011 онд, дан Монгол инженер, техникийн ажилтнууд барьж байгуулсан байдаг. Тус цахилгаан станц нь 10 гаруй жилийн хугацаанд 1.5 тэрбум квт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, импорт болж гарах байсан 118.4 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо үлдээжээ. 3. 245 км авто зам Энержи Ресурс ХХК-ийн 157 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 245 км авто зам нь уурхайн дэд бүтцээс Тавантолгойн нүүрсний экспортын гол коридор болон өргөжиж, 2012–2025 онд 364.5 сая тонн нүүрс, 34 орчим тэрбум ам.долларын экспортын урсгалыг дамжуулжээ. 4. Ус хангамжийн систем Ус хангамжийн цогц систем нь уурхайн цогцолборын усны хэрэгцээг найдвартай хангахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэршүүлсэн ундны усаар хангадаг. Системийн бүх бүрэлдэхүүн хэсэг нь усны хэрэглээг хамгийн үр ашигтай байлгаж, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах дэвшилтэт технологийн шийдэлд суурилан ажилладаг. Жишээ нь Ухаа худаг цахилгаан станц өөрөө салхиар хөргөдөг технологитой буюу усаар хөргөдөггүй, усны хэрэглээгүй цахилгаан станц юм. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд усыг ууршуулахгүйгээр хадгалдаг цөөрөмтэй. Тэр цөөрмөөсөө түүхий усаа авч, нүүрсээ баяжуулах технологиор ажилладаг. 5. “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороолол Энержи Ресурс ХХК Цогтцэций сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх, ажилчдын тогтвор суурьшлыг дэмжих зорилгоор 2011-2013 онуудад “Уурхайчин” гэр хороолол болон “Цэций 1” 650 айлын бүрэн тавилгатай орон сууцны хорооллуудыг барьж байгуулсан. 2025 онд шилжин суурьших ажилтнуудын хэрэгцээнд үндэслэн “Цэций хороолол 2А, 2Б” нийт 300 өрхийн орон сууцыг барьж эхний 150 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Өнөөдрийн байдлаар Цэций орон сууцны хороолол болон Уурхайчин гэр хороололд 1200 орчим гэр бүл оршин сууж байна.
