“Торгуулиа төлнө үү” гэсэн мессежээс болгоомжил
Сүүлийн үед төрийн байгууллагын нэрийг ашиглан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр хуурамч мессеж илгээж, иргэдийг залилан мэхлэх оролдлого их гарах болсон. Тухайлбал, “Торгуулиа яаралтай төлнө үү”, “Таны торгууль төлөгдөөгүй байна” гэх мэтээр яаруулж, мессежээр илгээсэн холбоос дээр даруулахыг шаарддаг. Уг хуурамч холбоос нь тухайн төрийн байгууллагын албан ёсны цахим хуудастай төстэй вэбсайт руу нэвтрүүлж, улмаар торгууль төлүүлэх нэрийн дор таны банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авах зорилготой байдаг. Ийм байдлаар мессежээр хуурамч холбоос илгээж, иргэдийн мэдээллийг авахыг оролддог цахим залиланг смишинг (Smishing) гэж нэрлэдэг. Гэхдээ байгууллагын нэрийг барьсан залилан зөвхөн мессежээр хязгаарлагдахгүй. Банк, цагдаагийн байгууллага зэрэг итгэл төрүүлэхүйц байгууллагын нэр барьж утсаар холбогдон, таны данстай холбоотой асуудал гарсан, мөнгө шилжүүлэх шаардлагатай болсон гэх мэтээр айлган сүрдүүлэх оролдлого ч гарч байна. Ийм төрлийн утасны залиланг вишинг (Vishing) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, мессежээр ирсэн холбоосоор мэдээлэл авахыг оролдож байвал смишинг, харин утсаар холбогдон хуурч мэдээлэл, мөнгө авахыг оролдож байвал вишингийн шинжтэй байна. Хэрэв танд ийм төрлийн мессеж ирвэл: Мессежийн холбоос дээр бүү дар. Торгууль, төлбөртэй холбоотой мэдээллийг мессежээр ирсэн линк дээр дамжин орж харах бус, тухайн байгууллагын албан ёсны вэбсайтаар шалгаарай. Илгээгчийг нь шалга. Хэдий төрийн байгууллагын нэр харагдаж байгаа ч тухайн мессеж нь албан ёсных гэсэн үг биш. Илгээгчийн дугаар, мессежийн агуулга, холбоосын хаягийг хамтад нь нягтлаарай. Холбоосын хаягийг шалга. Албан ёсны вэбсайттай төстэй боловч нэг үсэг, тэмдэгтээр ялгаатай хуурамч холбоос байж болно. Тиймээс мессежээр ирсэн линкээс илүүтэйгээр байгууллагын албан ёсны вэбсайт, аппликэйшнийг өөрөө нээж мэдээллээ шалгаарай. Хувийн болон банкны мэдээллээ бүү оруул. Хэрэв санамсаргүйгээр холбоос дээр дарсан бол торгууль төлөх нэрээр интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах код асууж байвал бүү оруулаарай. Утсаар холбогдсон хүнд ч шууд бүү итгэ. Банк, цагдаа, төрийн байгууллагын нэрийг ашиглан таныг яаруулах, айлгах, мөнгө шилжүүлэх эсвэл хувийн мэдээллээ хэлэхийг шаардаж байвал яриаг зогсоож, тухайн байгууллагын албан ёсны утасны дугаарт өөрөө холбогдон мэдээллийг баталгаажуулаарай. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
