Hyrox тэмцээний үеэр "өмдөндөө хүндэрсэн" Австралийн тамирчин олон нийтээс уучлал гуйжээ
Бямба гарагт Бээжин хотод зохион байгуулагдсан фитнесийн Hyrox тэмцээний үеэр Австралийн тамирчин өмдөндөө хүндэрсэн ч зогсолгүй уралдаанаа үргэлжлүүлсэн нь олон нийтээс нэлээд шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл энэ дуулианы эзэн Жоанна Виетрзик уучлал гуйж, уралдааны үеэр авсан онооноосоо татгалзаж байгааг өчигдөр мэдэгджээ. Хүндэрснийхээ дараа ч зогсолгүй гүйж байгааг харуулсан Виетрзикийн дүрс бичлэг эрүүл ахуйн асуудлаар маргаан дэгдээж, Hyrox тэмцээний үүсгэн байгуулагчдын нэг Мориц Фюрсте нөхцөл байдлыг зохицуулж чадаагүйнхээ төлөө уучлал гуйхад хүргэсэн юм. Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ Виетрзик “Миний гаргасан үйлдэл зөвхөн надаар хязгаарлагдахгүй нөлөө үзүүлснийг би ойлгож байгаа бөгөөд үүний улмаас хохирсон бүх хүмүүсээс чин сэтгэлийн уучлал гуйж байна” гэжээ. Тэрбээр бас Бээжингийн тэмцээнд түрүүлсэн амжилтаасаа татгалзаж байгааг мэдэгдсэн байна. “Бээжингийн уралдааны үеэр болсон явдлын улмаас Хятадын ард түмэн, хамт өрсөлдсөн тамирчид, үзэгчид болон Hyrox-ийн зохион байгуулагчдаас чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэж тэр бичжээ. Виетрзик тэмцээн эхлэхийн өмнө “биеийн байдал бүрэн сайн, эрүүл” байсан бөгөөд ямар нэг өвчин тусахыг хүлээх “шалтгаан байгаагүй” гэж тайлбарласан байна. “Одоо харахад би замаас гарахаас татгалзсан шийдвэртээ харамсаж байна. Өөр шийдвэр гаргах ёстой байснаа хүлээн зөвшөөрч байна. Уралдаанаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасныхаа хариуцлагыг хүлээж, үүнээс үүдэлтэй таагүй байдал, саад бэрхшээл учруулсандаа гүнээ харамсаж байна” гэж тэр цааш нь бичжээ. Hyrox компани “биологийн бохирдлоос сэргийлэх болон эрүүл ахуйн тодорхой дүрэм журам” мөрдөж ажилладгаа энэ явдлын дараа мэдэгдэж байв. Гэхдээ “урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүссэнээс дүрэм журмын хэрэгжилт тодорхойгүй болж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх, ойлгох тал дээр эргэлзээ үүссэн” гэж тус компани тайлбарлажээ. Ийм явдал дахин гарахаас сэргийлэхийн тулд үйл ажиллагаагаа сайжруулахыг Фюрсте амласан байна. Виетрзикийн нэр ус олон нийтэд ил болсны дараа Hyrox компани түүнийг сошиал орчинд айлгаж, дарамталсан аливаа хүнийг дараа дараагийн тэмцээнүүддээ оролцуулалгүй хориглохыг анхааруулжээ. Hyrox нь дундаа нэг километрийн гүйлттэй найман төрлийн дасгалаас бүрддэг фитнесийн тэмцээн юм. Энэхүү тэмцээний формат 2017 онд Германы Хамбург хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо дэлхий даяар зохион байгуулагддаг. 2024 оны сүүлээр Хятадын эх газарт анхны тэмцээнээ зохион байгуулж байжээ. Hyrox-ийн дүрэмд “тэмцээний үеэр нулимах, хамраа ухах, хог хаях, усыг буруугаар ашиглах” зэрэг үйлдлүүдийг хориглодог юм байна. Харин Виетрзикт тохиолдсон зүйл дээр яах нь тодорхойгүй байсан бололтой. Эх сурвалж: BBC
