Орос улс байлдааны дроны үйлдвэрлэлдээ Умард Солонгосын ажиллах хүчийг ашиглаж байгааг мэдээлжээ
Орос улс олон улсын хориг арга хэмжээг үл тоомсорлон өөрийн байлдааны нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлд Умард Солонгосын ажиллах хүчийг ашиглаж байгаа талаар АНУ болон түүний холбоотнуудын гаргасан судалгааны тайланд өгүүлжээ. Энэ нь Пёняны дэглэмд зэвсгийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх нэг гол эх үүсвэр болж байгаа гэнэ. Лхагва гарагт нийтлэгдсэн “Multilateral Sanctions Monitoring Team” төслийн тайланд өгүүлснээр одоо Оросын дроны үйлдвэрүүдэд Умард Солонгосын 25,000 хүртэл тооны иргэн ажиллаж байгаа юм байна. Үүнд Татарстаны нутагт оршдог Алабугагийн дрон угсрах үйлдвэр орж байна. Өнгөрсөн онд хилийн чанадад илгээсэн мэдээллийн технологийн голдуу мэргэжилтнүүд нь Ким Жон Уны дэглэмд $800 сая хүртэл орлого оруулсныг уг тайланд дурджээ. Дээрх мэдээлэл Орос, Умард Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн гүнзгийрч буйг харуулж байна. Умард Солонгосын ажилчид олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд оюутны визээр ОХУ-д ажиллаж байгаа гэнэ. Тэдний жилийн ажлын хөлс дунджаар $7,500 орчим бөгөөд үүний ихэнх хэсгийг Пёняны дэглэм хурааж авдаг байна. Зарим тохиолдолд хураагдсан мөнгөний дүн ажилчдын бодит орлогоос давж байсныг дээрх тайланд өгүүлжээ. 2025 оны сүүлээр Умард Солонгосын 20,000-70,000 иргэн Хятадад, 15,000-30,000 иргэн ОХУ-д ажиллаж байсан байна. “БНАСАУ-ын эрх баригчид оргон зайлахаас сэргийлэхийн тулд ажилчдын шилжилт хөдөлгөөн болон гаднын хүмүүстэй харилцах харилцаанд маш хатуу хяналт тавьдаг. Оргож чадсан ажилчдын хувьд Умард Солонгост үлдсэн ар гэрийнхэндээ аюул эрсдэл учруулдаг байна” гэж уг тайланд бичжээ. Тайланг танилцуулсан Умард Солонгосын хориг арга хэмжээний хяналтын багт АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг 11 улсын төлөөлөл оролцдог. 15 жил ажилласан Умард Солонгосын хориг арга хэмжээний хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй НҮБ-ын шинжээчдийн багийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудалд ОХУ 2024 онд хориг тавьсны дараа дээрх багийг шинээр байгуулсан юм. Эх сурвалж: Reuters
