ИНФОГРАФИК: 25 жилийн хугацаанд монголчуудын анхны гэрлэлтийн нас 3.8 жилээр хойшилжээ
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын үр дүнгээс гэр бүлийн байдлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Хүн амын төрөлт, өсөлтөд шууд нөлөөлдөг хүчин зүйл бол гэр бүлийн байдал юм. Гэрлэлтийн байдлыг тодорхойлохдоо завсрын тооллогын тодруулгын мэдээллийн санд үндэслэв. Нийт хүн амын дунд гэр бүлтэй хүмүүс давамгайлсан хэвээр байна. 15 ба түүнээс дээш настай хүн амыг гэрлэлтийн байдлаар нь харвал 30.1 хувь нь огт гэрлээгүй, 61.6 хувь нь батлуулсан болон батлуулаагүй гэр бүлтэй, 2.9 хувь нь гэр бүлээ цуцалсан, 5.4 нь бэлэвсэн байна. Өмнөх тооллогын дүнгээс огт гэрлээгүй хүмүүс 19.7 мянга буюу 2.9 хувь, батлуулсан болон батлуулаагүй гэр бүлтэй хүмүүс 123.8 мянга буюу 9.5 хувь, гэр бүлээ цуцалсан хүмүүс 16.9 мянга буюу 32.8 хувь, бэлэвсэн хүмүүс 6.4 мянга буюу 5.4 хувиар тус тус өссөн байна. Анхны гэрлэлтийн дундаж нас сүүлийн 25 жилийн хугацаанд тасралтгүй өссөн нь Монгол Улсад гэр бүл зохиох хугацаа хойшлох хандлага тогтвортой явагдаж байгааг харуулна. 2000 онд эрэгтэйчүүд дунджаар 25.7, эмэгтэйчүүд 23.7 настайдаа гэрлэж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 29.5 болон 27.5 нас болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд эрэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн нас ойролцоогоор 3.8 жил, эмэгтэйчүүдийнх мөн адил 3.8 жилээр хойшилжээ. Харин анхны гэрлэлтийн нийт дундаж нас 28.5 хүрсэн нь гэр бүл зохиох нас өмнөх үеэс ахисныг илтгэж нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдтэй нягт уялдаатай байна. Боловсролын хүртээмж нэмэгдсэнээр залуус илүү урт хугацаанд суралцаж, мэргэжил эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлд тогтвортой байр суурь эзлэхийг эрмэлзэх болсон нь гэр бүл зохиох шийдвэрийг хойшлуулах хандлага нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн нийгмийн үнэт зүйлс өөрчлөгдөж, хувь хүний сонголт нь гэрлэлтэд хүрэх хугацааг сунгах нэг хүчин зүйл болж байна. 15-24 насны бүлэгт огт гэр бүл болоогүй залуучуудын эзлэх хувь өмнөх тооллоготой харьцуулахад аль ч хүйсийн хувьд өссөн байгаа нь ажиглагдаж байна. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн гэр бүлтэй болсон хүн амын эзлэх хувь өмнөх тооллогын үеийнхээс нэмэгдсэн байхад 25- 34 насны бүлэгт эзлэх хувь өмнөх тооллогоос буурчээ. Гэрлэлтээ цуцлуулсан болон тусгаарласан хүн амд 35-44 насныхны эзлэх хувь өмнөх тооллоготой харьцуулахад аль ч хүйсийн хувьд өссөн, ялангуяа эрэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх тооллогоос 6.9 нэгж хувиар нэмэгдсэн байна. 2020 оны тооллогын дүнгээр гэрлэлтээ цуцлуулсан хүн ам 45-54 насны бүлэгт төвлөрч байсан бол 2025 оны тооллогын дүнгээр 35-44 насны бүлэгт илүү нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 65 ба түүнээс дээш насанд бэлэвсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх тооллоготой харьцуулахад 8.0 нэгж хувиар өссөн бөгөөд энэ нь тухайн насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралт өндөр байгаатай холбоотой. 2025 оны байдлаар гэр бүлээ цуцлуулсан хүн амын бүтэц 2020 онтой харьцуулахад тодорхой насны бүлэгт төвлөрсөн хандлагатай болжээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тухайлбал 35-44 болон 45-54 насны бүлэгт гэр бүл салалт харьцангуй идэвхтэй хэвээр байна. Харин 35-44 насны бүлэгт эмэгтэйчүүдийн 34.3 хувь, эрэгтэйчүүдийн 31.4 хувь нь гэр бүлээ цуцлуулсан нь анхаарал татаж байна. Энэ нь 35-аас дээш насанд гэр бүлийн тогтвортой байдалд тодорхой сорил тулгарч байгааг илтгэнэ. Харин 65 ба түүнээс дээш насны бүлэгт гэрлэлтийн бүтэц харьцангуй тогтвортой байна. Энэ насны бүлэгт бэлэвсэн хүн амын эзлэх хувь хамгийн өндөр байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 53.9 хувь, эмэгтэйчүүдийн 53.6 хувийг эзэлж байна.
