Depository of News

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

newsdepo.com · world

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20 километр авто зам ашиглалтад орсноос хойш зам хөндлөн гарч байгаа явган зорчигчдын аюулгүй байдал алдагдаад байна гэсэн санал гомдол иргэдийн зүгээс ихээр ирдэг байна. Тиймээс Налайхын замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барьж эхэлжээ. Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар "Налайхын зам ашиглалтад орсон үеэс эхлэн зам хөндлөн гарч байгаа иргэдийн аюулгүй байдал алдагдаж байгаа тухай гомдол ихээр ирдэг байсан. Ингээд өнгөрсөн жил уг замын таван байршилд явган хүнд зориулсан гэрлэн дохиог суурилуулсан юм. Энэ нь түр зуурын шийдэл бөгөөд одоо ч ажиллаж байгаа. Харин энэ жил Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөр гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар болж, гүйцэтгэгч компани шалгарч, ажлаа эхлүүлээд байна. Гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны явган хүний гарц дээр, 126 дугаар сургуулийн харалдаа гарц, шинэ суурьшлын бүс болох Эмийн ургамал буудлын ард талд барих юм. Өнөөдрийн байдлаар хоёр байршлын явган хүний гүүрэн гарцын тулгуур баганыг суурилуулах газар шорооны ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгч байгууллагууд гүүрэн гарцыг арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан" гэж мэдээллээ. Налайхын замын явган хүний гүүрэн гарц металл хийцтэй, хоёр талдаа тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн бол эдгээр гүүрэн гарцыг барихад ₮5.7 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. 1959 онд ашиглалтад орсон Налайхын авто замыг 60 жилийн дараа буюу 2019 онд шинэчилсэн билээ.

Read full article →