Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд "Төрийн өмчийн хулгай ба төсөв" сэдвээр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өмчит компаниудын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах гэж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрөөс эхлээд миний бланк дээр УИХ-ын гишүүдийн хамт төрийн өмчит компаниудын төсөв, зардал түүний зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах чиглэлээр хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байна. Өнөөдөр бид зөвхөн улсын төсөв ярьдаг атлаа 100 их наядын балансын хөрөнгөтэй, 2025 оны аудитын тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчилтэй төрийн өмчит компаниудын асуудлыг ярьдаггүй. Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна төрийн өмчит компаниудын төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Төрийн өмчит компаниудын нийт төсөв нь улсын төсвөөс хэд дахин давсан. Хэдхэн компанийн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор шийдэгддэг бүтэц байгаад байна. Үүнийг сүүлийн 10 жилээр төрийн өмчит компаниудын ашиг алдагдал, үйл ажиллагаа, ямар төсөл санхүүжүүлсэн талаар хянан шалгах түр хороо байгуулаад УИХ дээр сонсгол явуулна. Төрийн өмчит компаниудад 70 орчим мянган хүн ажиллаж байна. 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөв хөтөлбөр санхүүжүүлсэн. Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй байхын зовлон эдэлж байна. Аудитын 2025 оны тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрч байгаа. Гэтэл 2012 онд улсын төсөв зургаан их наяд төгрөг байсан. Энэ бүгдийг заавал хянан шалгах түр хороо байгуулаад иргэдэд бодит мэдээлэл өгөх нь зөв. Төрийн өмчит компаниудаар дамжуулж улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нэрийдлээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Төрийн өмчит компанийн захирлууд нь сонгуульд дэвшээд унасан эсвэл МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн хүмүүс байдаг. Төрийн өмчит компаниудыг дагасан хулгай, хууль бус үйлдэл, санхүүгийн луйврыг зогсоож байж эрүүл нийгэм ярина. Дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг төр өөрөө үйлдвэрлэж байна" гэв.
