Depository of News

ХЭҮК: Юунд ч итгэдэггүй олон нийтийн сэтгэлзүй төрд тавих хяналтыг сулруулан нийгэмд талцал хуваагдал бий болгож байна

newsdepo.com · world

Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар Хүний эрхийн Үндэсний Комисс байр сууриа илэрхийллээ. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, тэдгээрийг хүлээн авах, түгээх, тайван жагсаал цуглаан хийх нь ардчиллын үндсэн суурь зарчмуудын нэг юм. Иймд ХЭҮК-оос иргэний орон зайг хамгаалах, иргэний нийгэм, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг тогтмол хамгаалж удаа дараагийн бодлогын баримт бичгүүддээ тусгаж ирсэн байдгийг ХЭҮК-оос онцлов. Тухайлбал өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх итгэл дээр үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, эрх чөлөөг баталгаажуулах мөн олон нийтийн сүлжээний эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар УИХ-д танилцуулж холбогдох тогтоол шийдвэрүүдийг Засгийн газарт хүргүүлж, илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг жил бүр үнэлж дүгнэдэг бөгөөд хэрэгжилт төдийлөн хангалттай биш байна гэж Комиссоос дүгнэдэг байна. "Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, нөгөө талаас хүний нэр төр, алдар хүнд, хувийн болон гэр бүлийн амьдралд дур зоргоороо халдахыг ч мөн Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг" ХЭҮК-ын Гишүүн Б.Энхболд "Хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Монгол Улсын Үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Нөгөө талаас хүний нэр төр, алдар хүнд, хувийн болон гэр бүлийн амьдралд дур зоргоороо халдахыг мөн Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг үүрэг хариуцлага дагалддаг болохыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч тэнцвэрт байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх үр нөлөөтэй, тогтолцоо механизмыг бүрдүүлсэн байх үүргийг төр хүлээдэг. Гэвч өнөөгийн байдлаар цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчээс хүний нэр төрд хууль бусаар халдах явдал газар авч байна. Олон нийтийн сэтгэлзүйд энэ байдал сөргөөр нөлөөлж байна. Мөн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ ямар нэгэн байдлаар илэрхийлсэн иргэдийн эсрэг төрийн байгууллага, албан тушаалтан гомдол гаргах, зарим тохиолдолд зөрчил, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тохиолдол ч гарч байна. Энэхүү нөхцөл байдал нь иргэдийн дунд эргэлзээ, айдас төрүүлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих эрсдэлийг үүсгэж байна. Худал мэдээлэл нийгэмд түгээмэл үзэгдэл болох нь иргэд олон нийт ямар ч мэдээлэлд итгэхгүй байх, эргэлзэх сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа нь хамгийн том хор уршиг гэж үзэж байна. Юунд ч итгэдэггүй олон нийтийн сэтгэлзүй ардчиллын үзэл санааг бүдгэрүүлж, төрд тавих олон нийтийн хяналтыг сулруулахын зэрэгцээ нийгэмд талцал хуваагдал бий болгох эрсдэлийг улам хүчтэй болгож байгаад ХЭҮК санаа зовниж байна. 2025 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл худал мэдээлэл тараах замаар хүний нэр төр алдар хүндэд халдсан гэх нийт 362 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин өмнөх онуудад бүртгэгдсэн нийт 859 гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгож хаасан байна. Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалалтгүй байна. Мөн хүний нэр төрд халдсан асуудалд холбогдсон талууд нь тодорхой байгаа тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой эрхзүйн зохицуулалт үйлчилж байна. Харин цахим орчинд тухайлбал фэйсбүүк, Х зэрэг платформд хуурамч болон нэрээ нууцалсан хаяг ашиглан хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдаж худал мэдээлэл тараасан тохиолдолд тухайн мэдээллийг түгээсэн этгээдийг олж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх боломж хомс байгаад харамсаж байна. Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүхээс хуурамч хаягийн эзэмшигчийг тогтоох, үргэлжилж байгаа гүтгэлэг, халдлагыг таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалалтгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж маш тодорхой заасан" гэв. Иймд ХЭҮК-оос дараах байр суурийг илэрхийлэв. Бусдын нэр төр ар хүндэд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл бэлтгэж цахим болон бусад хэлбэрээр санаатай түгээсэн хууль бус үйлдлээс иргэдээ хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар манлайлан ажиллаж тодорхой үр дүн гаргах шаардлагатайг сануулж байна. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн ашиг сонирхолтой асуудлаар мэдээлэл хайх, түгээх эрх чөлөөг хүндэтгэх. Төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагааны талаарх хууль ёсны шүүмжлэл, олон нийтийн хяналт, баримтад суурилсан болон хараат бус сэтгүүлзүйг хязгаарлах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахгүй байх. Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд олон нийтийн хяналт шүүмжлэлд илүү нээлттэй байх байдлыг хүлээн зөвшөөрч иргэнийхээ эсрэг гомдол гаргах боломж нөхцөлийг хязгаарлах зохицуулалтыг олон улсын туршлагад нийцүүлэн эрхзүйн орчныг бүрдүүлэх. Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрт шууд хамааралтай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үйлдэлд илэрхий хамтран оролцсоноос бусад тохиолдолд тэдний гэр бүлийн гишүүдийн нэр төр алдар хүнд хувийн нууцад өргөн хүрээнд халдаж гүтгэхгүй байх зарчмуудыг тусгах шаардлагатай байна. Эцэст нь хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ ухамсарлаж үндэсний аюулгүй байдал, бусдын эрх чөлөө, нэр төр алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэйгээ ямагт санаж, бусдыг гүтгэсэн доромжилсон, хувийн орон зайд халдсан мэдээ мэдээллийг түгээхгүй байх. Бусдын нэр төр алдар хүндэд халдах аливаа үйлдлээс татгалзаж байхыг ХЭҮК-оос уриаллаа.

Read full article →