Depository of News

Ус, эрчим хүчний хэмнэлттэй ногоон шийдлийг нэвтрүүлэхэд нь дэмжих "Санхүүгийн системийг ногооруулах" хөтөлбөрийн нээлт боллоо

newsdepo.com · world

Эрчим хүч, усны хэрэглээгээ хэмнэх технологийг нэвтрүүлж, үйл ажиллагааны зардлаа бууруулахын зэрэгцээ хамгийн чухал нь байгальд ээлтэйгээр ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зориулсан санхүүгийн шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тодруулбал Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк(ЕСБХБ) болон Уур Амьсгалын Ногоон Сан(УАНС)-гийн хамтран хэрэгжүүлдэг Ногоон Эдийн Засгийг Санхүүжүүлэх Хөтөлбөр(GEFF)-ийн хоёрдугаар үе шат болох "Санхүүгийн системийг ногооруулах" хөтөлбөрийн албан ёсны нээлт өчигдөр болсон юм. Уг хөтөлбөр нь ахуйн нэгжүүдийг дэд бүтцээ ногоон болгох шийдлийг хөнгөлөлтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх зорилготой юм байна. Тухайлбал хүнсний үйлдвэрлэл ба боловсруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд эрчим хүч болон усны хэрэглээгээ бууруулах, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд энэхүү хөтөлбөрийн санхүүжилт нээлттэй байх нь. Жахан Шамсиев: Бид санхүүгийн түншлэгч байгууллагуудынхаа хамт Монголын эдийн засгийг илүү ногоон болгох зорилготой ажиллаж байна Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев "Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийн маань үргэлжлэл болж байна. Бид түншлэгч банкууддаа байгаль орчинд ээлтэй, ногоон санал санаачилгыг санхүүжүүлэхэд нь зориулж хөнгөлөлттэй эх үүсвэр олгоно. Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход зориулагдсан технологи, эрчим хүчний зохист хэрэглээг дэмжих, нүүрснээс ангид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох зэрэгт хөтөлбөрийн хөрөнгө оруулалт чиглэнэ. Таван жил үргэлжлэх хөтөлбөрийн нийт санхүүжилт нь 250 сая ам.доллар. Үүнийг Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцээ байгаль ээлтэй ногоон байдлаар шийдэхэд нь зориулан олгохоор төлөвлөсөн. Бид ногоон эдийн засгийг эрчимжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй болж байна. Ийм төслийг бид зөвхөн Монголд төдийгүй олон улсад хэрэгжүүлж байгаа. Бидний зорилго нь санхүүгийн салбарын түншлэгч байгууллагуудтайгаа хамтран Монголын эдийн засгийг илүү ногоон болгох, нүүрснээс ангид эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхэд нь хувь нэмрээ оруулах юм" гэлээ. "Санхүүгийн системийн ногооруулах" хөтөлбөрийн хамт олноос дээрх хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилтэд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага бий эсэхийг тодруулахад "Шинээр хэрэгжиж эхэлж буй хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хэдэн жил үйл ажиллагаа явуулсан байх, санхүүгийн чадамж гэх мэтчилэн тусгайлсан шалгуур тавиагүй бөгөөд энэ нь зээл олгох дотоодын банкуудын журмаар зохицуулагдах юм. Түүнчлэн дотоодын банкууд үйл ажиллагааны үр дүн сайтай, санхүүгийн хувьд чадамжтай гэж үзвэл шинээр нээгдсэн компаниудад ч дэмжлэг үзүүлэх боломжтой. Хамгийн чухал нь санхүүжилтэд хамрагдах хүсэлт гаргагч нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үр дүн бүхий шийдэлтэй байх ёстой" гэлээ. Одоогоор "Санхүүгийн системийн ногооруулах" хөтөлбөрийн санхүүжилтийг Хаан болон Хас банкаар дамжуулан олгох бөгөөд цаашид өөр банкуудаар хүрээгээ тэлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн хөтөлбөрийн багаас хүсэлт гаргасан монгол аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч, ус хэмнэх хамгийн дэвшилтэт, баталгаат тоног төхөөрөмж, техникийн шийдлийг олоход нь үнэ төлбөргүй зөвлөнө гэдгийг энд онцолъё.

Read full article →