Йемений Хуситуудын пуужинг эсэргүүцэх зэвсгийн нөөцгүй болсон Саудын Араб холбоотнуудаасаа тусламж гуйжээ
Йемений Хусит босогчдын агаарын цохилтыг эсэргүүцэх зэвсгийн нөөц нь дундарсан Саудын Араб улс бүс нутгийн болон Өрнөдийн холбоотнуудаасаа тусламж гуйжээ. Уг асуудалтай ойр ажилладаг хоёр албаны эх сурвалж уг мэдээллийг Лхагва гарагт баталсан байна. Тухайлбал Саудын Арабын эрх баригчид Франц, Их Британи, Пакистан, Египет улсуудаас агаарын довтолгооны хамгаалах зэвсгийн тусламж хүссэн гэнэ. Ингэх болсон шалтгаан нь тус улсын гол холбоотон, зэвсэг нийлүүлэгч АНУ өөрөө Ираны дайны улмаас нөөцийн хомсдолтой болсонтой холбоотой ажээ. Ираны дайнаас үүдэлтэйгээр Саудын Араб, Хуситуудын хооронд мөргөлдөөний шинэ фронт нээгдээд байгаа. Лхагва гарагт Саудын эрх баригчид Исламын шашны ариун газарт тооцогддог Мекка хот руу нисгэгчгүй онгоцоор довтолсонд Йемений босогчдыг буруутгажээ. Зөнч Мухаммедын төрсөн газар гэгддэг Мекка хотыг “зөрчиж болохгүй зүйлсийн хил хязгаар буюу улаан шугам” болохыг зарласан Саудын Араб улс дайсныхаа дронуудыг устаж чадсаныг баталсан юм. Харин Йемений хилээс 1,100 км зайд оршдог Мекка хотод довтолсноо Хуситууд няцаажээ. Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч Саудын Арабын хувьд эрчим хүчний дэд бүтцүүдээ хөрш Йемений босогчдоос хамгаалах нь амин чухал асуудал болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын газрын тос дамжуулах чухал хоолой Ираны дэмжлэгтэй Ирак дахь зэвсэгт бүлэглэлийн халдлагын улмаас хэдэн долоо хоногийн турш ажиллахгүй болсон. Йемений босогчид сүүлийн өдрүүдэд Улаан тэнгисээр зорчих Саудын ачаа тээврийн хөлгүүдэд довтолж, энэ тэнгисийн хоёр гарцын нэг болох Баб эль-Мандебын хоолойд хэд хэдэн арлыг эзлээд байна. Бүс нутгийн эрчим хүчний нөгөө нэг гол усан зам болох Ормузын хоолойг Иран улс хяналтдаа аваад байгаа. Эдгээрийн улмаас дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ баррель нь $100-аас буухгүй байна. Цэргийн баазуудаасаа гадна эрчим хүчний чухал дэд бүтцүүдээ агаарын цохилтоос хамгаалах шаардлагатай болсон Саудын Араб тун хүнд нөхцөлд байгааг нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлжээ. Тиймээс “эцсийн найдвар олон улсын дипломат хүчин чармайлт” болоод буйг нөгөө нэг эх сурвалж хэлсэн байна. Одоогоор Хуситуудтай холбоотой хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээнд Египет, Оман улсууд тэргүүлэн оролцож байгаа гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр Оман улс АНУ, Хусит босогчдын төлөөлөгчдийг нутаг дэвсгэр дээрээ уулзуулсан байна. Турк болон Арабын Нэгдсэн Эмират Улсын тал сөргөлдөөнийг намжаах асуудлаар Ираны эрх баригчидтай хэлэлцэж байгаа тухай мэдээ бас иржээ. Турк, Пакистан улсын засгийн газрууд өчигдөр ариун хот Меккад халдсан үйлдлийг буруушаасан мэдэгдэл гаргасан байна. Ирантай долоон сарын турш дайтаж буй АНУ бүс нутгийн гол холбоотон Саудын Араб улсад туслах боломж хомс байгаа гэнэ. Саудын талаас цэргийн тусламж хүссэн эсэхийг асуухад АНУ-ын албаны эх сурвалж “тагнуулын мэдээлэл солилцох, төлөвлөлтийн дэмжлэг үзүүлэх” хэмжээнд ажиллаж байгаагаа мэдэгджээ. Йемений засгийн газрын эсрэг Ираны дэмжлэгтэй Хусит босогчдын эхлүүлсэн иргэний дайн арав гаруй жил үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд Саудын Араб улс бүс нутгийн холбоотнуудын хамт эвсэл байгуулж, Йемений хууль ёсны засгийн газрыг дэмжих байлдааны ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Эх сурвалж: Associated Press
