Depository of News

Б.Аз: Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоож байна

newsdepo.com · economy

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт тавьжээ. Нэр бүхий компаниудад сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн ч 14 хоногийн дараа гүйцэтгэлийг шалгахад зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогдсон байна. Энэ тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэв. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэх аж. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Read full article →