Азийн наадамд оролцож буй өндөр тамирчид орон дээр хөлөө бүрэн тэнийлгэн унтаж чадахгүй байгаа талаараа гомдоллов
Бямба гарагт Японд эхлэх Азийн спортын наадмын үеэр олон мянган тамирчныг байрлуулахаар бэлтгэсэн модон чингэлгүүд ширүүн шүүмжлэлд өртөөд байна. Өмнөд Солонгосын Сагсан Бөмбөгийн Холбооны дэд тэргүүн Жүн Жэ Ён хэвлэлд ярихдаа уг сууцны нөхцөл байдлыг “урьд өмнө байгаагүй” муу гэж дүгнэжээ. “Хоёр метрээс өндөр нуруутай тамирчид орон дээрээ хөлөө бүрэн тэнийлгэж чадахгүй байна. Энэ бол байж боломгүй зүйл” гэж тэр ярьсан байна. Нагоя хот болон түүнийг тойрсон Айчи мужид зохион байгуулагдаж буй тус наадмын үеэр байрны хүрэлцээ муу байж болзошгүй тухай яриа хэдэн долоо хоногийн өмнөөс гарсан юм. Наадамд 17,000 гаруй тамирчин, албаны хүмүүс оролцож байгаа бөгөөд энэ нь анхны төсөөлж байсан 15,000-аас давсан үзүүлэлт болжээ. Ойролцоогоор 2,000 зочныг байрлуулж, дараа нь гамшгийн үед түр сууц болгон ашиглахаар төлөвлөсөн эдгээр чингэлэг байрнуудын талаар гомдол тасрахгүй байгаа. Саяхан Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн нэг тамирчин өрөөнийх нь сангийн хоолой задарч, усанд автсаныг харуулсан зургийг “Надад туслаач” гэсэн тайлбартай сошиал сүлжээнд нийтэлж байв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн долоо хоногт Нагоя хотод түүхэнд бичигдэх хэмжээний аадар бороо орж, үер усны гамшиг нүүрлэхэд эдгээр сууцнуудыг нүүлгэн шилжүүлэх хэрэг гарч байсан юм. Энэтхэг улсын эрх баригчид тамирчдаа ийм сууцанд дасгахын тулд наадамд явахаас нь өмнө дуурайлгаж хийсэн байранд байрлуулж байжээ. Байрны асуудал хариуцсан менежэр Юта Мацүо хэвлэлд ярихдаа “тамирчдын илэрхийлж буй сэтгэн дундуур байдал, санаа зовнилыг бүрэн ойлгож, сайжруулахын тулд бодитой арга хэмжээ авч байгаа” гэсэн байна. Олимпын наадмын үеэр тамирчдыг тусгай хотхонд байрлуулдаг бол энэ удаа зохион байгуулагчид түр байрны шийдэл сонгосноороо онцлог болжээ. Чингэлэг сууцнуудаас гадна 4,000-5,000 орчим оролцогч Мягмар гарагт Нагоягийн боомтод ирж зогссон Италийн аяллын хөлөг дээр байрлах юм. Наадмыг зохион байгуулагч, Айчи мужийн захирагч Хидеаки Омура өмнө нь зөвхөн 15,000 оролцогчийн төсөвтэй байгаа, хэрвээ нэмэгдвэл тэдэнд зориулах төсөв, хүн хүч байхгүйг ярьж байжээ. “Тэднийг байрлуулах газар огт байхгүй. Хэрвээ тэд ирэхийг хүсэж байгаа бол байраа өөрсдөө олох хэрэгтэй болно” гэж тэр хэлж байв. Үүний дараа өнгөрсөн сард Азийн Олимпын Хороо болон зохион байгуулагчид долдугаар сараас өмнө бүртгүүлсэн бүх 17,000 оролцогчийг “шаардлагад нийцсэн” байраар хангахаа амлаж байжээ. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүд түрүүлж эхэлсэн Азийн наадам албан ёсоор Бямба гарагт эхэлж, аравдугаар сарын 4-ийг хүртэл үргэлжлэх юм. Эх сурвалж: BBC
