Depository of News

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

newsdepo.com · politics

Эрдэмтэд чулуужсан шүдийг ашиглан Тираннозавр (Т.rex) үлэг гүрвэлийн биеийн температурыг тогтоож чадсанаа мэдээлжээ. Сонирхолтой нь энэхүү араатны биеийн дулаан хүнийхтэй ойролцоо байсан байна. Судлаачид өмнө нь үлэг гүрвэлүүдийг удаан хөдөлгөөнтэй, хүйтэн цустай амьтан гэж үздэг байв. Харин хожим явуулсан судалгаанууд тэднийг халуун цустай, биеийн температураа зохицуулж чаддаг байсныг тогтоосон юм. Тирранозаврын хувьд халуун цустай байсан гэдэг дээр эрдэмтэд санал нийлдэг ч яг хэмжээг нь мэддэггүй байжээ. “Бид үүнийг тогтоохын тулд зүгээр л термометр ашиглах боломжгүй шүү дээ” гэж Жон Хопкинсийн Их сургуулийн палеобиологич, энэхүү судалгаанд оролцоогүй Жасмина Виманн хэлж байна. Эрдэмтэд тирранозаврын өсөлт хөгжлийг судлах, эсвэл яснаас нь ул мөр хайх зэрэг олон арга хэрэглэж үзсэн ч тодорхой тоон үзүүлэлтийг гаргаж чадаагүй юм. Харин сүүлийн судалгаагаар тэд энэхүү аймшигт араатны чулуужсан шүднээс химийн чанартай ул мөр хайсан нь үр дүнд хүрчээ. Тухайлбал амьтны биеийн температураас хамааран шүдний паалан дахь атомууд өөр өөр хэлбэрээр бөөгнөрдөг байна. Гурван шүднээс авсан хэмжилтээр биеийн дундаж температур Цельсийн 36 хэм орчим байсныг тогтоожээ. Энэ нь орчин үеийн зааны температуртай төстэй бөгөөд хүний биеийн (Цельсийн 36-37 хэм) температураас тийм ч их хол биш юм. “Бид хамгийн алдартай араатан болох Тирранозаврын биеийн температур хэд байсныг олж тогтоолоо” гэж Лос-Анжелес хот дахь Калифорнийн Их сургуулийн геохимич, судалгаанд оролцсон Арадхна Трипати хэлжээ. Судалгааны тайлан өчигдөр “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм. “Би үүнээс арай өндөр байх болов уу гэж төсөөлж байлаа” гэж Виманн тайлбарлажээ. Тухайлбал тэр үлэг гүрвэлүүдийн залгамжлагч гэгддэг шувуудын биеийн температуртай ижил байх ёстой гэж боддог байжээ. Тирранозаврын биеийн дулааныг мэдэх нь энэ амьтан яаж амьдардаг байсныг тогтооход тустай юм. Халуун, хүйтэнд биеийн температураа тохируулах чадвартай энэ байдал нь Тирранозаврыг үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн хүчирхэг араатнуудын нэг болгосон байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Тэд энэ аргаа ашиглан бусад төрлийн үлэг гүрвэлүүдийн биеийн дулааныг хэмжих боломжтой гэж үзэж байгаа гэнэ. “Энэ аргыг ашиглан судлах боломжтой маш олон, сонирхолтой төрөл зүйлүүд бий” гэж Калифорнийн Их сургуулийн геобиологич, судалгаанд хамтран ажилласан Роберт Ийгл хэлжээ. Эх сурвалж: Associated Press

Read full article →