Төв Азийн таван улс Өмнөд Солонгостой ирэх 30 жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсноо тунхаглан зарлав
Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улс Өмнөд Солонгостой ирэх 30 жилийн хамтын ажиллагааны алсын харааг тодорхойлсон “Сөүлийн Тунхаглал”-ыг Лхагва гарагт зарлалаа. Анх удаа зохион байгуулагдсан олон талт дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулсан уг тунхаглалд төрийн тэргүүнүүдийн уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулах тогтолцоог бүрдүүлж, түншлэл, энх тайван, хөгжил цэцэглэлт, ард иргэдийн солилцоо гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хамтран ажиллахаар тусгасан байна. Үүнд нийлүүлэлтийн сүлжээ, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ технологи, аюулгүй байдлын салбарууд хамрагджээ. Сөүл хотноо болсон энэхүү дээд хэмжээний уулзалтад БНСУ-ын ерөнхийлөгч болон Казахстан, Киргизстан, Тажикистан, Түркменистан, Узбекистаны төрийн тэргүүнүүд оролцсон бөгөөд 2007 онд дэд сайд нарын түвшинд, 2019 онд сайд нарын түвшинд өргөжиж байсан хамтын ажиллагааны тогтолцоог дараагийн шатанд гаргасан байна. Хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг 2028 онд Астана хотод зохион байгуулах саналыг Казахстан улс гаргасныг бусад оролцогчид дэмжжээ. “C5+1” (Төв Азийн 5 улс + Өмнөд Солонгос) форматтай энэхүү уулзалтаас Төв Азийн ашигт малтмалын нөөцийг Өмнөд Солонгосын дэвшилтэт технологитой хослуулан нэмэлт өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэхийн зэрэгцээ газрын тос, байгалийн хий, нефть-химийн үйлдвэрлэл, эрчим хүчний дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байна. Мөн хиймэл оюун, цахил шилжилт, шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён өчигдөр орой болсон “Солонгос-Төв Азийн Бизнесийн Дээд Хэмжээний Уулзалт”-д оролцохдоо Солонгос болон тус бүс нутгийг холбосон “Шинэ Торгоны Зам” байгуулах санаачилга дэвшүүлсэн байна. Одоо талуудын худалдаа Солонгосын автомашин, автомашины сэлбэг хэрэгслийн экспорт болон Төв Азийн эрчим хүч, түүхий эдийн импортод төвлөрч байгааг дурдсан И Жэ Мён “Бид одоо эдгээр бүтээгдэхүүнүүдээс хальж, хэрэглээний бараа, биотехнологи, дижиталчлал зэрэг шинэ салбаруудад худалдааны хүрээгээ тэлэх шаардлагатай байна” гэж хэлжээ. Тэрбээр бас талуудын худалдаанд тулгарч буй татварын бус саад бэрхшээлүүдийг бууруулах зорилгоор дижитал гаалийн систем нэвтрүүлэх, бизнесүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Төв Азийн таван улсад “Солонгосын Цэг” (Korea Desk) байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. “Хэрвээ бид хамтдаа алхвал 1,500 жилийн өмнөх зам Шинэ Торгоны зам болон дахин нээгдэх болно” гэж И Жэ Мён хэлжээ. Эх сурвалж: Korea Times
