Онон-Балжийн байгалийн цогцолборт газар түүний орчны бүсэд наймдугаар сарын 31-нээс хойш 42 баавгай орж иржээ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар /ОББЦГ/ түүний орчны бүсэд 2026 оны 08 дугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 42 баавгай бүртгэгдээд байгаа талаар мэдээллээ. ОББЦГ нь Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг дамнан орших 415752 га талбайг эзлэн оршдог. Үүнээс цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумаас хамгаалалтын захиргаанд хүргэгдэн ирсэн 2 бамбарууш, Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн 1 бамбаруушийг 7 хоног тэжээн тэнхрүүлэн 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгальд нь буцаан тавьсан байна. Тус ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Шуурхай баг"-тай хамтран аюулгүй, амжилттай гүйцэтгэлээ гэв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгай орж ирээд буй аймгуудад хариу арга хэмжээ авах 24 цагийн шуурхай албыг ажиллуулах албан даалгаврыг хүргүүлээд байгаа билээ. Иргэд та бүхэн баавгайтай бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, өөрсдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг сэрэмжлүүллээ.
