Depository of News

Агаарын бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг нь олон улсын судалгааны үр дүнгээс харагджээ

newsdepo.com · politics

Агаарын бохирдол нь амиа хорлох эрсдэл болон амиа хорлох тухай сэдлийг нэмэгдүүлдгийг олон улсын хэмжээнд явуулсан судалгааны үр дүн харуулжээ. Байгаль орчны бохирдол нь сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэсэн ойлголт түгээмэл байдаг ч амиа хорлох эрсдэлд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг хангалтгүй байсан юм. Тэгвэл Белфаст дахь Күиний Их Сургуулийн эрдэмтэд агаар, дуу чимээ, гэрэл болон усны бохирдол хүмүүсийн амиа хорлох эрсдэлд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Тэд энэ чиглэлийн 29 өөр судалгаанд нэгдсэн дүн шинжилгээ хийхэд агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор болон азотын давхар исэл нь амиа хорлох, амиа хорлох оролдлого, амиа хорлох тухай бодол сэдэл төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь харагдсан байна. Мөн нэмэлтээр хийсэн 16 судалгааны нэгдсэн дүн шинжилгээгээр хүхрийн давхар исэл, озон зэрэг агаарын бусад бохирдуулагчид, дуу чимээний бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй нь тогтоогджээ. Харин гэрэл болон усны бохирдол нөлөөлдөг гэх нотолгоо хангалттай олдоогүй байна. “Journal of Epidemiology and Community Health” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны үр дүн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх стратеги, арга зүйд байгаль орчны бохирдлын хүчин зүйлийг авч үзэх шаардлагатайг, мөн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн асуудалд тооцох ёстойг харуулж буйг эрдэмтэд онцолжээ. Дэлхий даяар жил бүр 720,000 гаруй хүн амиа хорлож, нас бардаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр энэ нь 15-29 насны хүмүүсийн нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан болдог байна. Эх сурвалж: The Guardian

Read full article →