Г.Занданшатар: Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж явна
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр /2026.09.15/ мэдэгдэл хийж, Ерөнхий сайд асан Г.Занданшатартай холбоотой зарим асуудлын талаар ярьсан. Тэрбээр удган Булнай гэх эмэгтэйг Г.Занданшатарын хамаатан бөгөөд хууль хүчний байгууллагаас зарласан тендерийг авдаг хэмээсэн. Мөн "ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй өндөр чанарын нүүрсний орд байдаг. Монгол Улсад байхгүй өндөр чанарын гантиг чулууны орд байдаг. Энэ ордыг ашиглах асуудлыг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай нийлж ашиглах зорилгоор үүрэг даалгавар өгсөн" гэсэн юм. Харин энэ асуудалд Ерөнхий сайд асан Г.Занданшатар дараах хариултыг өгчээ. Тэрбээр "Монголын шигшээ баг амжилттай оролцож байгаа Дэлхийн шатрын пара олимпиад 6 дахь хоногтоо үргэлжилж, Дэлхийн шатрын олимпиад өчигдөр нээлтээ хийсэн Самарканд хотоос мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна. Гэтэл ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ. Үүнд үнэн юм нэг ч алга. Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт. С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна. Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан. Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна. Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454 Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ. Хоёрдугаарт. С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ. Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна. Өөрөөр хэлбэл, түүнийг сайдын албан тушаалд очих үед би аль хэдийн төрийн алба хашихаа больж, энгийн иргэн болсон байсан. Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй. Ийм тодорхой баримтыг ч үл харгалзан олон нийтийн өмнө худал мэдээлэл тарааж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан бүх зүйлээ хууль дээр очиж баримтаар нотол. Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя. Иргэн миний адил хуулийн өмнө тэгш байж, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна. Харин өөрт тавигдсан асуултаас миний нэрээр бүү булт. Гуравдугаарт. Манай Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгч байсан. Одоо байдал харин ямар байна? Энэ талаар мөн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр мэдээлэл нийтлэгдсэн. Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27323 Миний байр суурь: Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн. Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн. Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй. Ялангуяа хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, улс төрийн явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Өнөөдөр өөрийн удирдаж буй салбар руугаа ноцож, хууль дээдлэн ажиллаж буй мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл юм. Намын нөхөр, журмын анд хэмээн итгэж, танхимынхаа сайдаар томилон хамтран ажиллаж байсан хүн өнөөдөр ийнхүү над руу гүжир гүтгэлэг чиглүүлж байгаад бүр ч их харамсаж байна. Би С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, улмаар Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн. Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгч, манай Засгийн газарт хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин үүнд өс хонзон санаж, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь арга мухардсан хүний үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Өнөөдөр үнийн өсөлт, шатахуун гээд иргэдийн амьдрал хүнд, эдийн засагт сорилт их байна. Ийм үед төрийн бодлого хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа хамгаалах, авлига, хулгайтай тэмцэх, хөгжлийн асуудалд төвлөрөх ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй. Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй. Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно" гэсэн байна.
