Япон улсад зуу давсан настны тоо анх удаа 100,000 хүрлээ
Япон улсад зуу болон түүнээс дээш настай хүний тоо анх удаа 100,000 хүрснийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ. Статистик мэдээллээс харвал тус улсад одоо зуу давсан настай 107,677 хүн амьдарч байна. Энэ бол дэлхийд тэргүүлэх үзүүлэлт бөгөөд тэдний 88 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Японы хамгийн өндөр настай эмэгтэй нь Киото хотын оршин суугч, 114 настай Кишимото Фүёо бол эрэгтэй нь Күмамото хотын 112 настай Като Хикарү болсон байна. Эрүүл мэндийн сайд Кеничиро Уэно анагаах ухаан, технологийн дэвшлийн ачаар “олон хүн урд удаан, эрүүл, идэвхтэй амьдарч байгаад баяртай байна” гэж мэдэгджээ. Гэхдээ тэр бас нийгмийн хамгааллын тогтолцоог тогтвортой байлгахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар мөн анхааруулсан байна. Мэргэжилтнүүд япончуудын урт наслалтыг эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маяг зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Тухайлбал арлын орны иргэдийн хоол хүнсэнд загас, хүнсний ногоо, будаа голчилдог бөгөөд Өрнөдийн орнуудын иргэдийн хоол хүнстэй харьцуулахад ханасан өөх тосны агууламж бага байдаг юм. Мөн ахмад настнууд тогтмол алхах, нийтийн тээврээр зорчих, дугуй унах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр идэвхтэй амьдардаг. Японд хүн амын хөгшрөлт олон жил үргэлжилж байгаа бөгөөд насанд хүрэгчдийн живхний борлуулалт сүүлийн арав гаруй жилийн турш хүүхдийнхээс даваад байгаа. Тус улсын компаниуд ахмад настнуудад зориулсан төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэдэг болоод байна. Хүн амын тоог тогтвортой хадгалахын тулд тухайн улсын эмэгтэйчүүд амьдралынхаа турш дунджаар 2.1 хүүхэд төрүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл өнгөрсөн онд Японд энэ үзүүлэлт түүхэн доод хэмжээндээ буюу 1.14 хүрч буурсан юм. Японы хүн амын тоо 2008 онд оргилдоо буюу 128 саяд хүрч байжээ. Харин 2070 онд 87 сая болж, оргил үеэсээ 30 хувиар буурах тооцоог Хүн ам, Нийгмийн Хамгааллын Судалгааны Хүрээлэн гаргасан байна. Одоогоор тус улсын хүн амд 65 ба түүнээс дээш настны эзлэх хэмжээ 30 орчим хувь байгаа бол 2070 он гэхэд бараг 40 хувьд хүрэхээр байгаа. Японы эрх баригчид энэхүү чиг хандлагыг “оршин тогтнолын хямрал” гэж нэрлээд хүн амын тоог өсгөхөд чиглэсэн яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. 2025 онд Японы бүх 47 мужийн хоёроос бусдад нь хүн амын тоо буурсан үзүүлэлттэй байгаа. Хүн амын тоо буурахтай зэрэгцэн гадаадын цагаачдын тоо өсөж, одоо нийт хүн амын 3 хувьд хүрээд байна. Япон улс 1963 онд зуун настнуудаа анх удаа тоолж эхлэхэд 153 хүн байсан гэдэг. Энэ тоо 1981 онд 1,000 хүрсэн бол 1998 онд 10,000 давж байжээ. Эх сурвалж: BBC
