Depository of News

Дани улс цэргийн нисдэг тэрэг рүү нь Оросын хөлөг онгоцноос дохионы пуужин харвасныг буруушаав

newsdepo.com · world

Балтийн тэнгист хөдөлгөөнийг нь хянаж байсан цэргийн нисдэг тэрэг рүү Оросын байлдааны хөлгөөс дохионы хоёр пуужин харвасныг Дани улсын эрх баригчид Мягмар гарагт мэдээлжээ. Даваа гарагт болсон энэ хэрэг “ердийн хяналт шалгалтын үйл ажиллагааны үеэр” гарсныг Данийн тал баталж, энэ асуудлаар ОХУ-ын элчин сайдыг дуудаж уулзсан байна. Ерөнхий сайд Метте Фредериксен уг үйлдлийг “хариуцлагагүй”, “айлган сүрдүүлэх зорилготой” байсан гэж дүгнэжээ. Оросын тал уг хэргийг “нарийвчлан шалгах”-аа амласан ч Данийн нисдэг тэргийг Оросын байлдааны хөлгийн ойролцоо “аюултай жолоодлого” үйлдсэн гэж буруутгасан байна. Балтийн тэнгист гарсан энэ хэрэг Литва улсын агаарын орон зайд орж ирсэн нисгэгчгүй онгоцыг НАТО-гийн зэвсэгт хүчин буудаж унагасан өдөртэй давхацсан юм. “Өнөөдөр агаарын цэргийн хүчний Fennec загварын нисдэг тэрэг Гедсер хотын ойролцоо олон улсын усанд байрлаж байсан Оросын фрегат хөлөг онгоцыг гэрэл зургаар баримтжуулах ердийн ажиллагааг гүйцэтгэж байх үед түүн рүү дохионы пуужин харвалаа” гэж Данийн зэвсэгт хүчний мэдэгдэлд өгүүлжээ. Хоёр ширхэг дохионы пуужин харвасны нэг нь нисдэг тэрэгтэй ойрхон өнгөрснийг уг мэдэгдэлд дурдсан байна. Данийн гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен “хүлээн зөвшөөрөгдөхүйц үйлдлийн хил хязгаарыг аажмаар өөрчилж байгаа” Орос улсыг шүүмжилжээ. Копенхагенд суугаа ОХУ-ын элчин сайд Владимир Барбин хэргийн нөхцөл байдлыг Москвагаас “нарийвчлан шалгана” гэж амласан байна. Гэхдээ тэр Данийн нисдэг тэргийг “өдөөн хатгасан үйлдэл” гаргасан гэж буруутгажээ. “Энэ нь Данийн агаарын хүчний нисдэг тэрэгнүүд Оросын байлдааны хөлөг онгоцны ойролцоо аюултай маневр хийсэн анхны тохиолдол биш юм” гэж тэр хэлсэн байна. Мягмар гарагийн шөнө Литва улсын агаарын орон зайд нэвтэрсэн нисгэгчгүй онгоцыг НАТО-гийн сөнөөгч онгоцнууд буудаж унагасан юм. Түүнийг хөрш Беларусийн хоёр дахь том хот Каунасын ойролцоо хилийн хэсгээр нэвтэрсэн гэж үзэж байна. Литвагийн эрх баригчид нисгэгчгүй онгоцны гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн бол тус улсын ерөнхийлөгч сүүлийн саруудад Оросын халдлага түрэмгийлэл нэмэгдэж байгааг онцолжээ. Ерөнхийлөгч Гитанас Науседа “Орос улс Украины эсрэг түрэмгийллээ эрчимжүүлж байгаа энэ үед манай бүс нутгийн бэлэн байдал чухал ач холбогдолтой юм. Литва улс НАТО-гийн холбоотнуудтайгаа хамтран агаарын орон зайгаа хамгаалах болно” гэж сошиал хуудсаараа мэдэгдсэн байна. Литва улс зүүн талаараа Оросын гол холбоотон Беларусь улстай хил залгадаг бөгөөд энэ бүс нутгийн Латви, Эстони улсуудын агаарын хилийг Украины нисгэгчгүй онгоцнууд зөрчсөн хэд хэдэн тохиолдол энэ онд гараад байгаа. Эдгээрийг Оросын дрон эсэргүүцэх зэвсгийн нөлөөгөөр удирдлагаа алдсаны улмаас хил давсан гэж Украины тал тайлбарлаж байв. Эх сурвалж: BBC

Read full article →