Depository of News

"10 дэд станцын трансформаторын хүчин чадлыг өргөтгөж, цахилгаан эрчим хүчний чадлыг 29 МВА-аар нэмэгдүүлсэн"

newsdepo.com · world

2026-2027 оны инженерийн дэд бүтцийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгөв. Тэрбээр "Улаанбаатар хот эрсдэлтэй нөхцөлд байгаа. Дулааны эрчим хүч 146%, цахилгаан эрчим хүч 109-117%, бохирын шугам 109%-ийн ачаалалтай байгаа учраас энэ зун гол анхаарлаа хандуулж, ажиллалаа. Цахилгаан хангамжийн бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2026 онд аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь, урсгал засвараар 3,309 шугам дэд станцын засвар 98.7 хувь, 30.9 километр цахилгаан дамжуулах шугам шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц 16 орчим хувьтай байна. Станц 2028 онд ашиглалтад орчихвол 50,000 айлд дулааныг нийлүүлж, 100,000 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах юм. 63 МВТ-ын хүчин чадалтай Дамбадаржаагийн дулааны станцын угсралтын ажил 70 гаруй хувьтай байна. Энэ өвөл дулааны тохируулгыг хийж эхэлнэ. Тус станцын хоолойд нүүрс хөлдөж, тээглэсэн асуудал гарсан тул энэ жил 350,000 тонн нүүрсийг хатааж бэлдсэн. Чийгшилтэй нүүрс түлэхгүй. Станцыг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Багануур дүүрэгт байрлах 50МВТ-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станц эрчим хүч нийлүүлж байна. Хүннү хотын нарны эрчим хүчээр цэнэглэгдэх 50МВТ-ын батарей хуримтлуурын станц баригдаж буй. 2025-2026 оны өвөл хэт ачаалагдсан 35 кВ-ын 10 дэд станцын 10 трансформаторын хүчин чадлыг өргөтгөж, хоёр трансформаторыг нэмэлтээр суурилуулснаар цахилгаан эрчим хүчний чадлыг нийт 29.2 МВА-аар нэмэгдүүллээ. Мөн 300МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 3 дугаар ээлжийн блок 150 МВТ өргөтгөлийг 2027 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна" гэв.

Read full article →