"А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн"
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын дарга А.Намсаманд өчигдөр хэвлэлүүдэд мэдээлэл өгөх үеэрээ "С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг" хэмээн яриад буй. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Улс төрчид, бизнесийнхэн, хуулийн хүчний байгууллагуудын өнгөрсөн хугацаанд угсарсан мафын сүлжээ өнөөдөр бүрэн утгаараа Монголын сүүлийн олон арван жилийн түүхэнд байгаагүйгээрээ ажиллаж байна. Энэ хууль бус бүлэглэл улс төр, улс орон, хууль сахиулах байгууллага, төрийн цэргийн байгууллагыг татан оролцуулж байна. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын алба хаагчид улс төрийн аливаа акц хийхийг хатуу хориглосон заалттай. Харамсалтай нь бүлгээрээ сууж байгаад тавилаа. Төрийн нэрээр хулгай дээрмээ нуух гэсэн нөхдийн амь тавих гэсэн процесс юм. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд зөвхөн хуулийн асуудал ярихаас гадна дотоод хэрэг, аюулгүйн асуудал дээр онцгой анхаарал хандуулна гэсэн. Монгол Улсын хар хайрцгийн бодлогыг гадаад орчин нөхцөл тогшиж байна. Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй, хулгай дээрэм хээл хахуулийг хүлээхгүй, хар тамхи цахим залиланг таслан зогсоох ёстой гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гэтэл төрийн цэргийн мөрдөстнүүд бүгд хууль бус үйл ажиллагаа хийсэн. Өөрөөр хэлбэл төрийн эрхийг хууль бусаар авахаар, хулгай дээрмээ илчлэгдэхээс айн бүлэглэж ийм ажил хийсэн. ШШГЕГ-ын дэд дарга Э.Бямбажав Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. ШШГЕГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Цогжаргал гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж залилан мэхэлсэн. ШШГЕГ-ын тамгын гарын дарга Б.Нямгомбо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа. "Олон овоот гоулд" ХХК, "Зөв зүг" ХХК-ийн асар их нөөцтэй алтны ордыг хууль бусаар авах, Монголбанк дээр барьцаанд байсан ашигт малтмалын 8 ширхэг тусгай зөвшөөрлийг 123 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий авлига хээл хахуулийн асуудалд холбогдсон. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд гэх нөхөрт би итгэж өнгөрсөн төрийн наадмаар Ерөнхийлөгчид уламжилж бригадын генерал цолыг дэмжиж явуулсан. Харамсалтай нь хоригдлуудыг аваачиж хууль бусаар өөрийн байр байшингаа бариулах, хувийн зуслангийн газартаа хаус бариулсан. Мөн төсвийн хөрөнгөөр өөртөө 20 сая төрөг, нийт 20 гаруй хүмүүст 408 сая төгрөгийг хууль бусаар авсан. Албан хаагчийнхаа нэр дээр 10 сая төгрөг бичиж аваад өөрт нь 3-4 сая төгрөг өгдөг бусдыг нь өөрсдөө завшдаг. Өөртөө Зайсанд үнэгүй нэг байр авсан. Нөгөө талд нь албан хаагчид хэдэн мянгаараа орох оронгүй өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Иргэдийн гүйцэтгэх ажиллагааны хуудас биелдэггүй, хохирол барагдуулж чаддаггүй. Гэтэл хорих анги руу мөнгө шилжүүлж бэлнээр авдаг. Хамгийн ноцтой нь хууль бусаар тагнах чагнах үйл ажиллагаа явуулдаг. ШШГЕГ-ын газарт хууль бус тагнуулын газар бий болсон. Би үүнийг таслан зогсоох албан даалгавар өгсөн. Үүнээс гадна ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй өндөр чанарын нүүрсний орд байдаг. Мөн Монгол Улсад байхгүй өндөр чанарын гантиг чулууны орд байдаг. Энэ ордыг ашиглах асуудлыг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай нийлж ашиглах зорилгоор ШШГЕГ-т үүрэг даалгавар өгсөн. Энэ асуудлаар А.Намсаманд өнгөрсөн долоодугаар сард хоёр ч удаа миний өрөөнд орж ирсэн. Энэ асуудлыг дэмжиж, Засгийн газарт оруулж өгөөч гэж. Энэ дээр та хувийн компани оруулаач гэж хэлж байгаад надаар загнуулаад гарсан. Хамтарч авлига хийе гэж яриад, хоёрт занга тавьж улс төрийн хамаг будлиан тарьж буй нөхрийн захиалгыг гүйцэтгэх гэж орж ирсэн. Яагаад над руу дайрахаар болов гэдэг бол асар том зорилготой, захиалгатай. Хуулийн нэрээр иргэн аж ахуйн нэгжийг дарамталж дээрэлхдэг. Цаашилбал хоригдож буй хүмүүсийн ар гэр, авгай хүүхдэд нь дарамт учруулж элдэвлэдэг асуудал үүний ард бий. Цагдаагийн алба хаагчдын орон тоо өнгөрсөн онд 770 орчмоор хасагдсан. Монгол Улсад гэмт хэргийн нөхцөл байдал улам гаарч байна. 777 цагдаагийн 13 дахь сарын цалинг орон тоог нь хасаж байгаад 7.9 тэрбум төгрөгийг одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр манай салбарын сайд байхдаа А.Намсамандтай хамтарч ШШГЕГ-т энэ мөнгийг шилжүүлж, давуу байдал олгосон. Цагдаа нарыг цалингүй болгосон. Үүнийг Засгийн газарт танилцуулж саяны төсөв дээр орон тоо нэмэх, цалин хөлсийг шийдвэрлэх асуудал яригдсан. Гэтэл үүнээс үүдэж өнөөдрийн асуудал өрнөж байна" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
