Depository of News

Ардчиллын өдөрт зориулан есдүгээр сарын 21-нд улс төрийн намуудын форум зохион байгуулна

newsdepo.com · world

Жил бүрийн есдүгээр сарын 15-нд олон улсад Ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулж, есдүгээр сарын 21-нд "Rising hand and voice" форум зохион байгуулах гэж байгаагаа зарлав. Уг форумаар хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, ардчилсан нийгэмд тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилготой гэж зохион байгуулагчид хэллээ. Мөн энэ нь аль нэг намын өмчлөл биш, дундын талбар гэж тодотгов. Монголын Хүний Төлөө Намын дарга Х.Бат-Ялалт "Монголчууд хэсэг бүлэгт хуваагдаад, нэг нэгнийгээ өөр өөр өнгөөр хардаг биш эх орныхоо төлөө ардчиллаа бэхжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн үед эрх баригч намаас ардчилал бол муухай гэдэг ойлголтыг түгээх гэж оролдож байна. Ардчилал бидэнд эрх чөлөөтэйгөөр үгээ хэлэх, өмч хөрөнгөтэй байх, хүссэн газраа зорчих эрхийг өгсөн. Иймд үүний төлөө дуу хоолойгоо өргөе. Өнгөрсөн хар бараан зүйлээ яриад байх биш ирээдүйд хэрхэн гэрэл асаах вэ гэдгээ ярилцъя. Есдүгээр сарын 21-ний үйл ажиллагаанд олон нам оролцож, дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсэж байна" гэлээ. Иргэдийн Оролцооны Нэгдсэн Намын төлөөлөл П.Баяртүвшин "Ардчилал гээд ярихаар попордог сэдэв мэт ойлгодог болчихсон байна. Манай нам энгийн иргэдийг аль болох улс төрд оролцуулах зорилготой. Таны дуу хоолой хэрэгтэй гэдгийг ойлгуулах хүсэлтэй байдаг. Ардчиллын өдрөөр олон нам бидэнтэй нэгдээсэй. Жижиг намууд олон оролцох тусам бид дуу хоолойгоо тод хүргэнэ гэдгийг уриалмаар байна" гэж байв.

Read full article →