"Өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүй, дааруулахгүй байхад анхаарна"
Хүйтний улиралтай зэрэгцээд нийтийн тээврийн автобус хүлээлгэх нь ихэсдэг. Энэ асуудлыг дахин гаргахгүй гэнэ. "Өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүй, дааруулахгүй байхад анхаарна. COP 17 бага хурлын үеэр зочдод үзүүлсэн нийтийн тээврийн соёлтой, шуурхай үйлчилгээний жишгийг өдөр тутмын амьдралд хэвшүүлж, иргэдэд үзүүлж ажиллах, автобусны хүрэлцээ, цагаар явах нөхцөлийг хангаж ажиллах холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байна. Хүүхдийн автобусны тоог 50-аар нэмж, чиглэлийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд, багш нарт нь мэдэгдэж байж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийслэл хотод нийтийн тээвэр хүрдэггүй, алслагдсан байршлуудад богино эргэлтийн 16 шинэ чиглэлийг энэ жил нээнэ. Ингэхдээ замын сүлжээг 27.3 километрээр тэлнэ. Богино шинэ чиглэлд дунд оврын 46 автобус явуулахаар авсан" гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв. Одоогийн байдлаар өдөрт 1,170 орчим автобус нийслэлийн иргэдэд үйлчилдэг байна.
