ЭМГЭНЭЛ: Монгол Улсын Харцага Жанчивравдангийн Намжилдорж (1971-2026)
Монгол улсын харцага Ж.Намжилдорж нь 2026 оны есдүгээр сарын 13-нд таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо. Ж.Намжилдорж нь Төв аймгийн төв Зуунмод хотод 1971 оны 7-р сарын 13-нд төрсөн, Баянцагаан сумын уугуул. Гахай жилтэй. Түүний аав Жанчивравдан нь аймгийн хурц арслан, өвөг эцэг Гомбосүрэн даншгийн заан цолтой удамт бөх байв. Тэрбээр 1993 оны улсын баяр наадамд улсын заан Ж.Ганболдоор зургаа даван дунд шөвөгт шалгарч "Өсөх идэр начин" цол, 2004 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол нөхөн хүртсэн юм. Талийгаач 1993 онд Монголын сайхан залуу шалгаруулах “ЮНДЭН ГӨӨГӨӨ” Анхдугаар тэмцээнд түрүүлж байсан Монгол эр хүн, Монгол бөхийн олон сайхан шинжийг олж төрсөн бөх байв. Ж.Намжилдорж харцага нь хав барьцнаас баруун гараараа ачих, баруун тахимдаж хөөх, хутгах, шуудагнаас өргөж хавирах, хөл авах зэрэг мэхийг голлож хийдэг байсан. Ид барилдаж байх үедээ биеийн өндөр 190 см, жин 130 орчим кг байжээ. Мөн чөлөөт бөхийн олон улсын болон өөрийн улсын тэмцээнүүдээс 30 гаруй медаль хүртэж Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан байна. Биеийн тамирын “Шонхор” дээд сургууль төгсөж, Багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшжээ. Талийгаачийн төлөв даруу, хүнлэг энэрэнгүй, гүндүүгүй нөхөрсөг зан чанар, Монгол бөхийн гэгээн сайхан дүр төрх нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
