Хунтайж Харригийн хүүхдүүд хичээл эхэлснээс хойш хоёрхон өдрийн дараа аюулгүй байдлын улмаас сургуулиа сольжээ
Их Британийн хунтайж Харри болон түүний гэргий Меган нарын хүүхдүүд аюулгүй байдлын улмаас хичээл эхэлснээс хойш хоёр өдрийн дараа өөр сургуульд шилжсэнийг тэдний хэвлэлийн төлөөлөгч Даваа гарагт мэдээлжээ. Хаан Чарльзын бага хүү Харри зургаан жилийн өмнө гэр бүлийн хамт АНУ-ын Калифорни мужид бие даан амьдрахаар нүүж байсан бол өнгөрсөн сард Их Британид суурьшихаар буцаж ирсэн юм. Тэдний хүүхдүүд болох долоон настай хунтайж Арчи, таван настай гүнж Лилибет нар Их Британийн сургуульд явж эхэлсэн. Харригийн гэр бүл хаана суурьшсан, хүүхдүүд нь аль сургуульд орсныг нууцалж байгаа. Сассексийн гүнтэн, гүнгийн ахайтан нарын хэвлэлийн төлөөлөгч тэдний хүүхдүүд хоёр өдрийн дараа сургуулиа сольсон гэх мэдээллийг Даваа гарагт баталжээ. Гэр, сургуулийн хоорондын зай, тухайн бүс нутгийн замын хөдөлгөөний ачаалал зэрэг нь аюулгүй байдлын асуудлыг хүндрүүлсэн тул ингэснийг тэр тайлбарласан байна. “Хүүхдүүдийг өөр сургуульд шилжүүлэх шийдвэрийг гэр бүлийн аюулгүй байдлын багтай одоогийн зохицуулалтын нөхцөл байдлын талаар ярилцсаны үндсэн дээр гаргасан” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. “Гэр бүлд нь хайр халамж, анхаарал тавьж, хүчин чармайлт гаргасан бүх багш, ажилтнуудад эцэг эх хоёр гүнээ талархаж байгаа. Энэхүү шийдвэрийг тухайн сургууль болон хүүхдүүдийн анхаарал халамжтай холбоотой сөрөг үнэлгээ гэж ойлгож хэрхэвч болохгүй” гэж тэр тайлбарласан байна. Харри, Меган нарын буцаж ирэх болсон шийдвэр хаан Чарльзын хувьд хүртэл гэнэтийн мэдээ байсан юм. Хаантан тэдний хэргэм зэргийг хэвээр үлдээсэн ч олон нийтийн өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй байх 2020 онд тохиролцсон өмнөх статусыг нь үргэлжлүүлэхээр болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан. Одоо Харри, Меган нарын аюулгүй байдал, хамгаалалтыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх эсэх асуудлыг Британийн засгийн газрын холбогдох зөвлөл нягтлан шалгаж байгаа юм. Эх сурвалж: Reuters
