Depository of News

Хурим найрын зардлыг нь Оросын олигархи даасныг Трампын бэр хүлээн зөвшөөрөв

newsdepo.com · world

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүгийн эхнэр хуримынх нь дараа Бахамын арлууд дээр хоёр өдөр үргэлжилсэн найр цэнгээний зардлыг Оросын олигархи төлснийг хүлээн зөвшөөрчээ. Дональд Трамп Жүниор болон Беттина Трамп нар өнгөрсөн тавдугаар сарын нэг Баасан гарагт хуримлаж, дараа нь амралтын хоёр өдөр Бахамын арлуудад үргэлжлүүлэн тэмдэглэсэн юм байна. Хуримын тов гарахаас өмнө төлөвлөгдсөн байсан энэ найр наадмыг Умар Кремлёв зохион байгуулсан ч өөрөө оролцоогүйг Даваа гарагт Беттина өөрийн Инстаграм хуудсаар мэдээлжээ. Кремлёв нь ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаатай Оросын олигархи юм. “Манай дотнын найз Умар бидний хуримын дараах гайхалтай хоёр үдшийг маш өгөөмрөөр зохион байгуулж өгсөн. Энэ бол найзын зүгээс барьсан маш том хуримын бэлэг байсан бөгөөд бид түүнд одоо ч талархсаар байдаг” гэж тэр бичжээ. Кремлёв хувийн арал түрээслэх, ёслолын буудлага зохион байгуулах зэрэгт олон зуун мянган доллар зарцуулсныг Даваа гарагийн өглөө “ProPublica” агентлаг анх мэдээлсэн юм. Кремлёв өөрөө уг арга хэмжээнд оролцоогүй байж болох ч Трампын ууган хүү болон бэрийн хоёр өдөр үргэлжилсэн найр наадмын зардлыг даасан нь АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг улам бүр гүнзгийрүүлж байна. Кремлёв нь Оросын эрчим хүчний аварга компани Газпромоос санхүүждэг Олон Улсын Боксын Холбооны тэргүүн юм. Газпром одоо АНУ-ын санхүүгийн хориг арга хэмжээгээр шийтгүүлээд байгаа. Кремлёв бас Путинтэй ойр холбоотой гэсэн үндэслэлээр Украины засгийн газрын хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн байдаг. Тэрбээр саяхан Путиний айлчлалд дагалдан Хятадад очиж байсан юм. Киевийн эрх баригчид бас Кремлёвын гэр бүлийн холбоотой байгууллагыг Украины хүүхдүүдийг хулгайлах хөтөлбөрт оролцсон үндэслэлээр шийтгэж байжээ. Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд түүний хөвгүүд Trump Organization компанийн гадаад дахь үйл ажиллагааг улам өргөжүүлж байгаа. Трамп Жүниор болон Трампын гэр бүлийн бусад гишүүд крипто валютын үйл ажиллагаа эрхэлдэг World Liberty Financial компанийн гол хувь эзэмшигчид юм. Трампын хамгийн сүүлийн санхүүгийн тайланд тэр өнгөрсөн онд криптотой холбоотой бизнесээс $1.4 тэрбумын ашиг олсныг харуулж байв. Беттина Трамп өчигдрийн мэдэгдэлдээ Бахамын найр наадам “хуримаас өмнө найзуудын зугаалга хэлбэрээр төлөвлөгдсөн” байсныг тайлбарлажээ. “Энэ амралт хуримын үргэлжлэл байхаар анхнаасаа төлөвлөгдөөгүй байсан. Хуримын тов өөрчлөгдөхөд бид үүнийг хуримын дараах баяр болгохоор шийдсэн юм” гэж тэр бичээд “үүний цаана ямар ч хуйвалдаан, нууц байгаагүй”, “найз нөхөрлөлд улс төр хамаагүй” гэх зэргээр тайлбарлажээ. Кремлёвын хэвлэлийн алба түүнийг Трамп Жүниортой хоёр жилийн өмнө уулзаж байсан, найз нөхрийн харилцаатай байдгийг мэдэгдсэн бол Цагаан ордон одоогоор Беттинагийн мэдэгдэлтэй холбоотой ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Эх сурвалж: Reuters

Read full article →