Хиймэл оюуны технологийн хөгжлийг удаашруулах санааг Трамп “хуйвалдааны онол” гэж сэжиглэв
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны технологийн хөгжлийг удаашруулах санааг эрс эсэргүүцэж, ийм аливаа оролдлогыг “гаж буруу хуйвалдааны онол” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Саяхан Anthropic компанийн Дарио Амодей, OpenAI компанийн Сэм Олтмэн, SpaceX-ийн Илон Маск зэрэг технологийн салбарын манлайлагчид хиймэл оюуны технологийн хөгжүүлэлтэд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй байгааг анхааруулсны дараа Трамп ийм байр суурь илэрхийлсэн юм. “Хиймэл оюунд хэрэгтэй цорын ганц хяналт бол ХҮЧИРХЭГ, УХААЛАГ (Өндөр IQ-тэй) ЕРӨНХИЙЛӨГЧ юм. АНУ-д ийм онцгой хүн байгаа” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ. Ингэхдээ тэр өөрийнх нь засаг захиргаа хиймэл оюуны Anthropic компанийг “муу, эсвэл муу үр дагаварт хүргэж болзошгүй” зүйл хийхээс сэргийлж чадсаныг жишээ болгон дурдсан байна. Anthropic компани Трампын засаг захиргаатай тааруу харилцаатай байсаар ирсэн. Тухайлбал Пентагон тус компанийн хөгжүүлсэн загваруудыг үндэсний аюулгүй байдлын эрсдэлд тооцож, хориглохыг оролдож байсан удаатай. Бямба гарагт нийтэлсэн 3,800 үгтэй өгүүлэлдээ Амодей хиймэл оюуны технологийн зохицуулалтыг чангатгах хугацаа гаргахын тулд хөгжүүлэлтийг нь удаашруулахыг уриалсан юм. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Anthropic, OpenAI компаниудын хөгжүүлж буй хамгийн орчин үеийн загварууд туршилтын үеэр хяналтаас гарч, бусад компаниудын системд бие даан кибер халдлага үйлдсэн тухай мэдээлэл тарсны дараа ийм уриалга улам бүр тод сонсогдох болоод байгаа. Гэвч Трамп хиймэл оюуны хөгжлийг удаашруулах санаа нь энэ салбарт Хятад улс АНУ-ыг ардаа орхих боломж олгоно гэж үзэж байна. “Хиймэл оюун, Дата төвүүдийн эсрэг гаж буруу санаатай хуйвалдааны онолууд нь зөвхөн Хятад улсыг баярлуулах ач холбогдолтой” гэж Трамп энэ санаагаа илэрхийлжээ. Амодей тэргүүтэй технологийн салбарын гол удирдагчдын уриалгын дараа Даваа гарагийн өглөө хөрөнгийн зах зээл дээр хиймэл оюуны компаниудын хувьцааны ханш унасан юм. Нөгөө талаар Трампын энэ байр суурь арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй байна. Учир нь олон сонгогч дата төвүүд олноор байгуулахыг эсэргүүцэж, хиймэл оюуны хөгжлийн улмаас ажлын байраа алдах, хүүхдүүдийн боловсролд сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилж байгаа. Гэсэн хэдий ч Трампын засаг захиргааныхан энэ эрсдэлийг үл тоомсорлосоор байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өчигдөр өглөө энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Америкчууд юунаас ч айх хэрэггүй гэж би бодож байна” гэж хэлжээ. “Хиймэл оюуны дэвшилтэт технологийн олон компани засгийн газарт хандан өөрсдийгөө зохицуулахыг гуйж байгаа нь надад бага зэрэг хачирхалтай санагдаж байна. Энэ нь надад яг л Трояны морь шиг санагдаж байна. Тиймээс бид энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй” гэж тэр байр сууриа тайлбарласан байна. Эх сурвалж: Associated Press
