Азийн наадамд оролцох Хойд Солонгосын олимпын хороо Өмнөд Солонгосын багаас тусламж хүсэв

Японд болох Азийн наадамд оролцох каноэ завины төрөлд оролцох Хойд Солонгосын багийнхан Өмнөд Солонгосын талаас завь түрээслэх хүсэлтээ илэрхийлсэн цахим шуудан илгээжээ.

Орон нутгийн хэвлэлд онцолсноор Хойд Солонгосын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны нэгэн төлөөлөгч Азийн наадамд зориулан уралдааны хоёр завь түрээслэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Азийн Каноэ завины холбооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Сөүл дэх Солонгосын каноэгийн холбоог удирддаг Ким Ин Сүк өнгөрсөн Бямба гарагт нэгэн цахим шуудан хүлээн авсан аж. Уг захидлыг Хойд Солонгосын ҮОХ-ны төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан хүн илгээж, каноэ завины богино зайн уралдаанд ашиглах хоёр завь зээлэх боломжтой эсэхийг тодруулжээ.

Захидлыг англи хэлээр бичиж, Google хаягаас илгээсэн байв. Тэрбээр захидалдаа тодорхой хүлээн авагчийн нэр дурдахын оронд "Dear Colleague" гэсэн хүндэтгэлийн үгээр эхлүүлсэн байв.

Каноэ завины хэрэглэл овор хэмжээ их, тээвэрлэхэд хүндрэлтэй тул тэмцээнд оролцогчид голдуу зохион байгуулагчдаас тусламж хүсдэг. Гэхдээ Хойд Солонгосын баг Азийн наадмыг зохион байгуулагч талд хандахын оронд Өмнөд Солонгосын хувь хүнээс тусламж хүссэн бололтой.

Хоёр Солонгосын баг өмнө нь олон улсын тэмцээнд тэр дундаа завины төрөлд хамтран баг бүрдүүлж байсан удаатай. Одоогоос найман жилийн өмнө Индонезийн Жакарта хотод болсон Азийн наадамд луут завины эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд тус хоёр орны нэгдсэн баг алтан медаль хүртсэн түүхтэй. Энэ медаль нь олон улсын тэмцээнд хоёр Солонгосын хамт оролцоод түрүүлсэн анхны тохиолдол болжээ.

Тухайн үед Өмнөд Солонгосын каноэ завины холбоонд ажиллаж байсан Ким Хойд Солонгосын багийнхантай шууд харилцаатай байсан юм.

Гэхдээ Өмнөд Солонгосын хуулиар иргэд нь Хойд Солонгосын иргэдтэй зөвшөөрөлгүй харилцахыг хязгаарласан байдаг. Тиймээс Ким уг захидалд хариу өгөөгүй бөгөөд харин зохион байгуулах хороонд уламжилжээ. Зохион байгуулагчид уг хүсэлтийг хүлээн авч, багийнханд завь гаргаж өгөхөөр болсон байна.

Эх сурвалж: Korea JoongAng Daily