"Хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлыг амласан. ХҮН нам гурван ч ЗГ-ыг хамгаалж ирсэн байр суурь хэвээрээ байна"

Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХҮН нам Засгийн Газрыг тогтвортой ажиллуулах, унах биш үр дүн гаргах тал дээр нь ажиллахад зүйтэй гэх байр суурьт саналаа нэгтгэсэн гэв.

ХҮН намын төлөөлөх зөвлөл 180 хүний бүрэлдэхүүнтэй байдаг ба уг төлөөлөх зөвлөлөөр уг шийдвэрийг гаргасан гэв. Учир нь энэ засгийн газарт орохдоо ХҮН нам тогтвортой засгийн газар бүрдүүлбэл орж ажиллана гэх амлалтыг авсан гэдгээ онцоллоо.

Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд "Цаг зуурын асуудал дээр ХҮН намын сайд нар руу маш их гүтгэлэг дайралтуудыг байнга хийдэг. П.Наранбаяр сайд руу маш их гүтгэлэг, дайралт ирж байсан. Хамтраад явж байгаа бол алга ташилт байна уу, шүүмжлэл байна уу адилхан хүлээгээд явдаг шүү.

Харин асуудлаа ярихгүйгээр попорч үндэслэлгүйгээр манай сайд нарыг гүтгээд байвал цаашид хамтарч засаглаад явахад сөрөг нөлөөтэйг удаа дараа анхааруулж ирсэн. Одоо нэр бүхий Ардын намын гишүүд үндэслэлгүйгээр Эрчим хүчний сайд руу чиглэсэн ээлжит гүтгэлгээ явуулж байна. Үүнд ХҮН намын даргын хувьд байр сууриа илэрхийлж, үндэслэлгүйгээр засгийн газрыг тогтворгүй байдалд оруулбал бид хатуу хандана гэдгээ илэрхийлсэн.

Ерөнхий сайдын сургуулийн санхүүжилттэй холбоотой асуудалд өөрийнх нь "Тийм зүйл огт болоогүй" гэх тайлбарыг харсан. Засгийн газрыг тогтворгүй байлгах, дараагийн ээлжийнх нь засагтаа орно гэдэг байдлаар хандаж байгаа бол ХҮН нам засгийн газраа хамгаална. Гадна талд асар их талцал байхад үндэслэлгүй шалтгаанаар ажлаа хийж байгаа албан тушаалтан руу дайралт гүтгэлэг явуулаад засгийн газрыг огцруулна гэвэл ХҮН нам засгийн газрыг хамгаална. Бид гурван ч засгийн газрыг хамгаалж ирсэн.

Албан тушаалын төлөө биш олон улсын хөрөнгө оруулагчид хэлсэн тогтвортой, тодорхой, дунд болон урт хугацаанд бизнес хийх боломжийг чинь олгоно гэж хэлсэн үг хэл байна. Гаднын түнш, хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг амласан бол ХҮН нам өөрсдийн рейтинг, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны сонгуульд олон суудал авахаа бодоод хувиа хичээгээд явбал зарчимгүй зүйл болно" гэв.