Израилийн сайд Газын геноцидын тухай баримтат киноны уран бүтээлчдийн иргэний харьяаллыг цуцлахаар сүрдүүлэв

Газын зурваст Израиль улсын явуулж буй геноцидын тухай “NAZA” нэртэй баримтат киног бүтээсэн Ювал Абрахам, Рачел Шор нар энэ жилийн Венецийн олон улсын кино наадмаас шүүгчдийн тусгай шагнал хүртжээ.

Тэгвэл Израилийн соёлын сайд Мики Зохар тэдний иргэний харьяаллыг цуцлахаар сүрдүүлсэн байна.

Ням гарагт сошиал хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд Зохар уг баримтат киног “бузар муухай” хэмээн дүгнээд шүүгчдийн шийдвэрийг “цочирдмоор” гэж тодорхойлжээ.

Тэрбээр баримтат киноны найруулагчдыг “дэлхий дахины антисемитистүүдээс магтаал сонсохын тулд улс орондоо хор хөнөөл учруулсан” гэж буруутгасан байна.

“Соёлын сайдын хувьд би эдгээр жигшүүрт уран бүтээлчдийг эх орноосоо урвасанд тооцож, Израилийн иргэний харьяаллыг нь цуцлахын тулд нэн даруй арга хэмжээ авах болно” гэж сайд мэдэгджээ.

Венецийн кино наадмын албан ёсны тайлбарт өгүүлснээр 80 минутын урттай уг баримтат кинонд Израил улс Газын зурваст палестинчуудын эсрэг “нарийн тооцоолсон бөөнөөр устгах ажиллагаа” явуулахдаа хиймэл оюунд суурилсан технологи ашиглаж байгааг өгүүлсэн гэнэ.

Уг бүтээлийг кино наадмын үеэр үзүүлэхэд 25 минут үргэлжилсэн урт алга ташилтаар шагнуулсан юм.

Кинонд нэрээ нууцалсан Израилийн цэргийн болон тагнуулын ажилтнуудын мэдүүлгийг ашигласан байна.

Найруулагчдын нэг Абрахам өөрсдийн бүтээлийг Өрнөдийн орнууд Израилийн эдийн засагт хориг арга хэмжээ авахад түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Aljazeera