Ламын дуулиантай холбоотойгоор Тайландын ерөнхий сайдын $90,000-ын үнэтэй сахиусны асуудал дахин анхаарал татав

Өнгөрсөн долоо хоногт Тайландын цагдаа нар хийдийнхээ хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр Буддын шашны өндөр мяндагтан ламыг баривчилсан билээ.

Ламтан бас уг луйврынхаа хамсаатан эмэгтэйтэй бэлгийн харилцаатай байсан нь илэрсэн юм.

Тэрбээр алдартай сахиус урлаач лам байсан бөгөөд үүнийхээ борлуулалтын орлого болон хийдийн засварын хандив болох нийт $3 сая орчимтой тэнцэх мөнгийг хувьдаа завшсанд буруутгагдаж байгаа.

Тэгвэл түүний урласан сахиусыг зүүдгээ өмнө нь гайхуулж байсан Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракул уг дуулианы улмаас хүчтэй шүүмжлэлд өртөж эхэлжээ.

2023 оны аравдугаар сард тухайн үед шадар сайд бөгөөд дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Чарнвиракул намынхаа гишүүдтэй хамт олон нийтийн арга хэмжээнд оролцож байхдаа сэтгүүлчдэд зүүсэн сахиусаа үзүүлж, үүнийгээ Тайландын “зөөлөн хүч”-ний нэг жишээ хэмээн гайхуулж байсан гэнэ.

Түүний зүүж явсан сахиус нь 2006 онд алтаар бүтээгдсэн, хувь заяаг даагч гэгддэг ховор шүтээн бөгөөд ойролцоогоор гурван сая батын ($90,700) үнэтэй байжээ.

Сахиусыг Тайландын Аюуттая мужийн Ват Путтаисаван хийдэд бүтээсэн юм байна.

Тус хийдийн хамба лам 66 настай Пра Вачираян Ви өнгөрсөн Пүрэв гарагийн өглөө баривчлагдсан юм. Мөн түүнтэй дотно харилцаатай байсан гэгдэж буй 47 настай Пуняави Рунгруанг хэмээх эмэгтэйг баривчилсан байна.

Ламын хувийн өрөөний хяналтын камерт тэдний хоолны ширээн дээр бэлгийн харилцаанд орж буйг харуулсан дүрс бичлэг илэрсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр хамба ламынхаа “ёс зүйгүй байдлыг тэвчих боломжгүй” болсон хийдийн лам нар дээрх бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сэжигтэн эмэгтэй ламтны завшсан мөнгийг өөрийн банкны дансаар дамжуулан зарцуулдаг байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон байна.

Цагдаа нар ламын хууль бус үйл ажиллагааны талаар нэрээ нууцалсан иргэнээс хүлээж авсан мэдээллийн мөрөөр уг хэргийг долдугаар сараас шалгаж эхэлсэн юм байна.

Эх сурвалж: South China Morning Post