Ирландыг нэгтгэхийг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн Трамп “Шотландын талаар ярих хараахан болоогүй” гэв

Бямба гарагт Бүгд Найрамдах Ирланд Улсын нийслэл Дублин хотод айлчлан очсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсыг Их Британийн харьяанд байдаг Умард Ирландтай нэгдэхийг харах хүсэлтэйгээ илэрхийлсэн нь аль аль талыг гайхшируулсан мэдэгдэл байлаа.

Зуу гаруй жил тусдаа байгаа энэ хоёр улсын асуудалд АНУ-ын засаг захиргаа төвийг сахисан байр суурь баримталсаар ирсэн түүхтэй.

Тэгвэл Трамп өчигдөр буюу Ням гарагт хоёр Ирландын нэгдлийг дэмжихээ дахин мэдэгдсэнээс гадна Их Британийн харьяанд байдаг өөр нэг улс Шотландын тусгаар тогтнолын асуудлыг хөнджээ.

Өөрийн гэр бүлийн эзэмшлийн амралтын газарт болсон гольфын тэмцээний үеэр Трамп “Умард Ирланд болон Ирланд улс гэж бий. Миний бодлоор тэднийг нэгтгэх нь хамгийн зөв, жам ёсны шийдэл мэт санагддаг. Та нар Шотландын талаар асуулаа. Тэр асуудлыг би одоогоор ярихгүй. Цаг нь болоогүй байна” гэж сэтгүүлчдэд хандан хэлсэн юм.

Ирланд болон Шотландад хоёуланд нь хувийн гольфын клубтэй Трамп яагаад АНУ-ын холбоотон Их Британийг задлах асуудлыг ярих болсон нь тодорхойгүй байна.

2014 онд Шотландын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт болоход ихэнх нь Их Британийн харьяанд үлдэхийг дэмжсэн.

Британийн одоогийн ерөнхий сайд Энди Бернхэм дахин ийм санал хураалт зохион байгуулахын эсрэг байгаа. Бас Умард Ирландад ийм санал хураалт явуулах боломжийг няцаадаг.

Бямба гарагт Дублин хотод ирснийхээ дараахан Ирландын ерөнхий сайд Майкл Мартинтай уулзсан Трамп хоёр Ирландыг нэгтгэх санааг хөндөж эхэлсэн юм.

Мартин хожим Трампын мэдэгдлийн талаар байр суурь илэрхийлэхдээ Их Британид үлдэхийг хүсдэг Умард Ирландын зарим улс төрчид үүнийг “хэтэрхий хүндээр” тусган авч байгааг шүүмжилжээ.

“Энэ бол гайхаад байх зүйл биш. Тэр аливаа асуудалд өөр өнцгөөс ханддаг хүн” гэж тэр Трампыг өмгөөлсөн байна.

Мартин уулзалтынхаа үеэр Умард Ирланд болон Бүгд Найрамдах Ирланд Улсын харилцааны талаар Трамптай ярилцсан, Британийн захиргаанд байдаг тус бүс нутагт энх тайван хэрхэн тогтсон талаар бас ярилцсаныг тайлбарлажээ.

Умард Ирландыг нэгтгэх зорилготой үндсэрхэг үзэлтнүүд болон Их Британийн бүрэлдэхүүнд үлдэх сонирхолтой юнионистуудын хооронд 30 жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөн 1998 онд байгуулагдсан “Good Friday” нэртэй гэрээгээр зогсож байсан юм.

“Би нэгдлийг дэмждэг ч одоохондоо энэ үйл явц хэрэгжих болоогүй гэж үздэг. Миний байр суурь үүн дээр маш тодорхой. Хэрвээ ирэх долоо хоногт энэ асуудлаар санал хураалт явууллаа гэхэд хүн амын олонхоор дэмжүүлэхэд маш хэцүү байх болно” гэж Мартин сүүлд хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: Reuters