Өрнөдийн улс төрчдийг Украины төмөр замын өртөөнд байх үед галт тэрэгний зүтгүүр Оросын агаарын цохилтод өртжээ

Ням гарагт Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон, АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга асан Дэвид Петреус зэрэг Өрнөдийн улс төрчид, албан тушаалтнуудыг төмөр замын өртөөнд байх үеэр Варшав чиглэлийн галт тэрэгний зүтгүүр Оросын агаарын цохилтод өртсөнийг Украины тал мэдээлжээ.

“Украин-Польшийн хил дээрх Ягодын өртөөнд дипломат төлөөлөгчдийг тээвэрлэсэн галт тэрэг зогсож байх үед зүтгүүр агаарын цохилтод өртсөн” гэж Украины үндэсний төмөр замын оператор Укрзализниця компани мэдэгдсэн байна.

“Тус галт тэргэнд Европын Холбооны гишүүн хэд хэдэн улсын аюулгүй байдлын зөвлөхүүд болон Европын удирдагч асан хүмүүс, тухайлбал Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон зэрэг хүмүүс зорчиж явсан. Мөн халдлага болох яг тэр мөчид Ягодын өртөөнд байсан өөр нэг галт тэрэгт Тагнуулын Төв Газрын дарга асан Дэвид Петреус байсан” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

“Путин нөхцөл байдлыг хурцатгаж байна” гэж Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорски сошиал хуудсаараа мэдэгджээ. Польшийн ерөнхий сайд Дональд Туск өчигдөр үдээс хойш хямралын үед ажиллах багийг яаралтай хуралдуулсан байна.

Украины агаарын орон зай хаалттай байгаа тул Киев хот руу зорчиж буй Өрнөдийн улс төрчид Польш-Украины төмөр замыг ашигладаг.

Зорчигчдыг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүн бэртэж гэмтээгүйг Украины төмөр замын компани мэдээлжээ.

Польшийн төмөр замын оператор PKP компани уг галт тэрэг Украины талаас зургаан цагаас илүү урт хугацаагаар хоцорч ирсэн бөгөөд одоо Варшавын чиглэлд үргэлжлүүлэн зорчиж байгааг мэдээлсэн байна.

Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камышийн мэдээлснээр өчигдөр баруун Украины нутагт, тус улсын хилээс нэг километр зайд нэг, таван километр зайд бас нэг нисгэгчгүй онгоц довтолсон гэнэ.

Энэ үед F-16 сөнөөгч онгоцнууд болон тагнуулын онгоц нөхцөл байдлыг хянаж байсан, Польшийн агаарын хил зөрчигдөөгүйг тэр нэмж мэдээлжээ.

“Энэ бол Путиний терроризм Европын Холбоо болон НАТО-гийн хаалгыг тогшиж буйн илрэл. Оросын зэрлэгүүд та нарын үүдэнд тулж ирээд байна, түншүүд ээ” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсандаа анхааруулан бичсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам баруун Украины төмөр замын дэд бүтцэд довтолсноо хүлээж, Европын орнуудаас Украинд ирж байсан зэвсэг техникийн цувааг онилсон гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Associated Press