Хэт халалтын улмаас Францын шампань дарс энэ жил илүү өндөр согтоох чадвартай үйлдвэрлэгдэхээр болжээ

Энэ зун Франц улсад тохиосон түүхэн дээд халалтын улмаас шампань дарс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ спиртийн агууламжийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болжээ.

Салбарын эх сурвалжийн мэдээлснээр спиртийн агууламжийг стандарт 13 хувиас 15 хувь болгон түр хугацаанд өсгөхөөр болсон гэнэ.

Агаарын хэт халалт, ган гачиг нь усан үзмийн чихрийн агууламжийг ердийнхөөс хамаагүй өндөр болгожээ. Исэлтийн явцад чихэр спирт болон хувирдаг тул шампань дарсны согтоох чадвар нэмэгдсэн байна.

“Comite Champagne” холбооны мэдээлснээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Францын Шампань бүс нутагт энэ жил усан үзмийн ургац хураалт түүхэндээ байгаагүй эрт эхэлжээ.

Энэ үзэгдэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаашдаа 10-15 жилийн дотор хэвийн зүйл болж магадгүйг тус холбоо тайлбарласан байна.

Гэхдээ спиртийн агууламжийг түр хугацаанд нэмэгдүүлэх шийдвэр бүгдэд биш, цөөн тооны үйлдвэрлэгчдэд үйлчлэхийг “Comite Champagne” холбооны төлөөлөгч мэдэгджээ.

Шампань дарсанд хөөс үүсгэдэг хоёрдогч исэлтийн явцад “энэ жилийн зарим ургацаас гаргаж авсан дарсны спиртийн хэмжээ 13 хувийн дээд хязгаараа бага зэрэг давахаар байгаа. Тиймээс зөвхөн энэ жилийн хувьд дээд хязгаарыг 15 хувь хүртэл нэмэгдүүлэх онцгой бөгөөд түр зуурын шийдвэр гаргасан” гэж тэр тайлбарласан байна.

Тус холбооны мэдээлснээр усан үзмийн эхний ургацыг наймдугаар сарын эхээр хурааж эхэлсэн нь “Шампань бүс нутгийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн эрт хураалт” гэнэ.

Шампань дарс доод тал нь 15 сар боловсрох шаардлагатай байдаг тул 2026 оны ургацын дарснууд 2028 онд худалдаанд гарах юм байна.

Энэ зун Европын олон орон агаарын хэт халалтад нэрвэгдсэнээс хамгийн хүнд туссан улс нь Франц байсан юм.

Copernicus уур амьсгалын хүрээлэнгийн мэдээлснээр Европ тив нь дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна.

Эх сурвалж: BBC