Япон улс НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг засахыг шаарджээ

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт НҮБ-ын ерөнхий ассамблей дэлхийн газрын зургийн засаж сайжруулсан шинэ хувилбарыг албан ёсны болгох тогтоол баталсан.

16 дугаар зуунд бүтээгдсэн Меркаторын газрын зурагт Умард туйлд ойрхон тивүүдийг бодит байдлаас томруулж үзүүлсэн байдаг нь гурван хэмжээст бөмбөрцгийг хоёр хэмжээст хавтгайд буулгахад гарсан гажуудал юм.

Харин “Equal Earth” нэртэй шинэ газрын зурагт энэ гажуудлыг зассанаар өмнө нь том харагддаг байсан тивүүд бодит хэмжээндээ хүрч, экваторын ойролцоох тивүүд илүү том харагддаг болсон.

Тэгвэл Япон улс уг шинэ газрын зураг дээр маргаантай Курилийн арлуудыг Оросын газар нутгийн нэг хэсэг мэт харуулсныг засах шаардлагыг зураг бүтээгчдэд тавьжээ.

Шинэ газрын зургийг батлахыг дэмжсэн дэлхийн 164 улсын нэг Япон байсан юм. Гэвч Японы засгийн газрын “Умард нутаг” гэж нэрлэдэг өмнөд Курилийн дөрвөн арлыг ОХУ-ын нутаг дэвсгэртэй ижил өнгөөр дүрсэлсэн нь асуудал үүсгэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын санал хураалтад Украин улс оролцохоос түдгэлзсэн нь Крымийн хойгийг тус улсын бусад газар нутгаас өөр өнгөтэй дүрсэлсэнтэй холбоотой байсан юм.

НҮБ-д суугаа Украины төлөөлөгч үүнийг олон улсын эрх зүйг зөрчсөн, “Пандорагийн хайрцгийг нээх” үр дагавартай үйлдэл хэмээн анхааруулж байв.

Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Минорү Кихара өчигдөр мэдэгдэлдээ “Equal Earth” хэмээх газрын зургийн төсөл “Японы засгийн газрын байр суурьтай зөрчилдөхүйц дүрслэл агуулсан” гэж тайлбарлажээ.

“Бид уг газрын зургийг бүтээсэн байгууллагад дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлж, уг дүрслэлийг засахыг шаардсан” гэж Кихара сэтгүүлчдэд хэлсэн байна.

Тэрбээр уг асуудал хэзээ засгийн газрынх нь анхааралд орсныг хэлээгүй ч Япон улс “өөрийн нутаг дэвсгэр болон газар зүйн нэршлийн талаарх буруу ойлголт тархахаас сэргийлэх үүрэгтэй” гэж мэдэгджээ.

Дээр дурдсан дөрвөн арлыг 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын арми эзэлж, тухайн үед амьдарч байсан япон иргэдийг албадан гаргасан гэдэг.

Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эдгээр арлуудын нэгд анх удаа зочлоход Япон улс Токио дахь элчин сайдыг нь дуудан эсэргүүцэл илэрхийлж байлаа.

Ерөнхий сайд Санае Такаичи уг айлчлалыг “Японы ард түмний зүрх сэтгэлийг шархлуулсан”, “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” үйлдэл хэмээн мэдэгдэж байв.

Тэрбээр эдгээр арлууд нь “түүхийн болон олон улсын эрх зүй үүднээс Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг” болохыг онцолж байжээ.

Эх сурвалж: AFP