Йемений босогчид Улаан тэнгисийн стратегийн ач холбогдолтой боомтыг эзэлсэн тухай мэдээ иржээ

Цэргийн эх сурвалжуудын мэдээлснээр Йемений Хусит босогчид Саудын Арабын дэмжлэгтэй тус улсын албан ёсны засгийн газрын цэргүүдээс Улаан тэнгисийн стратегийн ач холбогдолтой боомт Мокаг булаан эзэлжээ.

Мокаг эзэлснээрээ Ираны дэмжлэгтэй тус зэвсэгт бүлэглэл Ази, Европыг холбосон дэлхийн худалдааны зам болох Баб-эль-Мандеб хоолойд ердөө 75 км зайд ойртож байна.

Ираны дайны улмаас Саудын Араб улс газрын тосны экспортоо Ормузын хоолойгоос татаж, Улаан тэнгисээр дамжуулан тээвэрлэх болсон юм.

Тиймээс энэ үйл явдал дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөхөд нөлөөлж магадгүй болж байна.

Хуситууд долоо хоногийн өмнө Йемен улсын баруун өмнөд хэсэгт довтолгоогоо эхлүүлснээс хойш олон зуун хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээсээ дүрвээд байгаа.

Йемений засгийн газрыг дэмжихийн тулд Саудын Арабын тэргүүлсэн эвсэл Хуситуудын байрлалд агаарын цохилт өгсөн бөгөөд босогчид хариуд нь Саудын Арабын өмнөд хэсгийн хотууд болон газрын тосны байгууламжууд руу пуужин, дрон харвасан юм.

Мокагаас дүрвэсэн иргэдийн мэдээлснээр Лхагва гарагийн шөнө засгийн газрын цэргүүдтэй ширүүн тулалдсан Хусит босогчид өглөө нь хотод нэвтэрсэн байна.

Дүрвэгчид одоо засгийн газрын хяналтад байдаг Йемений зүүн хэсгийн Аден хот руу нүүдэллэж байгаа гэнэ.

Засгийн газрыг дэмжигч Үндэсний Эсэргүүцлийн Хүчний удирдагч Тарек Салах босогчдын хүчинд түрэгдэж, баруун эргийн командлалын төвөө аюулгүй газарт нүүлгэн шилжүүлснийг мэдээлжээ.

Тэрбээр “Ираны төлөвлөж, дэмжсэн Хуситуудын довтолгооны улмаас сүүлийн өдрүүдэд бид маш их хохирол амслаа” гэж хэлсэн байна.

Йемений Ерөнхийлөгчийн Удирдлагын Зөвлөлийн тэргүүн Рашад аль-Алими улсынхаа баруун эргийн хяналтыг буцааж авахад нь туслахыг Арабын орнуудад уриалжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тайз, Худайдах, Мариб, Жавф мужуудын нутагт Саудын Арабын онгоцнууд 64 удаагийн агаарын цохилт явуулсныг Хуситуудын хэвлэлийн төлөөлөгч Яхя Сареа мэдээлсэн байна.

Мягмар гарагт Хусит бүлэглэл Саудын Арабын өмнөд бүс нутагт олон тооны пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсны улмаас 73 энгийн иргэн алагдаж, газрын тосны хэд хэдэн байгууламжид гал гарсан юм.

Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын цэргийн эвсэл үүний хариуд Хуситуудын байрлалд агаарын цохилт өгсөн бололтой.

Тус эвсэл Хусит зэвсэгт босогчид иргэний дайн эхлүүлснээс хойш арав гаруй жилийн хугацаанд Йемений засгийн газрыг дэмжиж байгаа юм.

Дөрвөн жил орчим хугацаанд үргэлжилсэн гал зогсоох тохиролцоо энэ оны долдугаар сард нурсан нь Ираны дайнтай зэрэгцэн Хусит босогчид Саудын Арабын усан замын тээвэрт хориг зарласнаас болжээ.

Эх сурвалж: BBC