ФОТО: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.

Улсын Их Хурал (УИХ)-ын 1996 оны 33 дугаар тоот тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ өдрийг тохиолдуулан ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Золжаргал, Л.Цогтбаатар, А.Ариунзаяа нар болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хамт олон, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

ХХ зуунд Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн дийлэнх нь лам хувраг, хутагт хувилгаад байлаа. 1921 онд 48 хүнийг хамарсан Саж лам Жамьянданзангийн бүлэг хэргээр анхлан лам мяндагтныг хэлмэгдүүлж эхэлсэн.

Ил хилс хэргээс хойш 1930-аад онд өрнөсөн Тайж Эрэгдэндагва, Дилов хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш нарын “38-ын бүлэг”, 1937-1939 онд өрнөсөн Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын хувьсгалын эсэргүү лам нарын “Төв бүлэг” гэх зэрэг олон нэршил бүхий хилс хэрэгт нийт 18,775 лам, мяндагтныг хэлмэгдүүлж тэдгээрийн 75 хувьд нь цаазын ял оноосон бол үлдсэн хэсэгт нь хорих ял оноож байжээ.

Өнөөдрийн байдлаар 31,695 хүн хэлмэгдсэн гэх тоо баримтыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас танилцуулаад буй. Нийт хэлмэгдсэн иргэдийн 18,775 буюу 59.23 хувь нь лам хувраг байжээ. Үүнээс 13,827 нь цаазын ялаар, 4,039 нь хорих ялаар шийтгүүлсэн байна. Баривчлагдаад суллагдсан, шоронд нас барсан, шийтгэсэн тогтоолгүй, ор сураггүй алга болсон гэх мэт 909 хүн байдаг аж.

Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн энэхүү гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах, шударга, эрх зүйт төрийг цогцлоох, энх тайвныг хамгаалах үүрдийн сургамж болсон билээ.

ФОТО: