Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн өндөр зардалтай гэр бүл салалт $1.8 тэрбумаар үнэлэгдэв

Өмнөд Солонгосын шүүх өчигдөр компьютер тоглоомын тэрбумтан Квон Хюк Бинээр салсан эхнэрт нь 2.55 их наяд вон ($1.87 тэрбум) төлүүлэх шийдвэр гаргасан нь тус улсын түүхэнд хамгийн өндөр зардалтай гэр бүл салалт болжээ.

Өмнөд Солонгосын гурав дахь том тоглоом хөгжүүлэгч Smilegate компанийг үүсгэн байгуулсан Квон бол тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд Блүүмбэрг агентлаг хөрөнгийн хэмжээг нь $3 тэрбум орчим гэж тооцоолсон байдаг.

Тэрбээр компаниа 100 хувь эзэмшдэг юм. Лхагва гарагт гарсан шүүхийн шийдвэрээр Квон компанийнхаа эзэмшлийн 35 хувь буюу ойролцоогоор 2.5 их наяд вонтой тэнцэх үнэлгээтэй хувьцааг экс эхнэр И Хва Жинд шилжүүлэхээр болжээ.

Үүнээс гадна Квон 65 тэрбум воныг бэлнээр төлөх ёстой болсон байна.

Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өндөр зардалтай гэр бүл салалт өмнө нь SK группийн ерөнхийлөгч Чэй Тэ Воны хуучин эхнэртээ төлөх 944 тэрбум вон тооцогддог байсан юм.

Тэгвэл Квоны хуваах хөрөнгийн хэмжээ Чэй Тэ Воныхоос хоёр дахин өндөр болж байна.

Эхнэр нь Квоноос салахдаа Smilegate компанийн хувьцааны 50 хувийг авах хүсэлт гаргаж байжээ. Тэрбээр компанийг анх байгуулагдахад санхүүгийн хувь нэмэр оруулсан үндэслэлээр ийм хүсэлт гаргасан байна.

Квон, И нар 2001 онд гэрлэж, жилийн дараа Smilegate байгуулагдаж байжээ.

Тус компанийн хөгжүүлсэн CrossFire, Lost Ark зэрэгт тоглоомууд зах зээлд хамгийн алдартай байдаг.

И Хва Жин бас 20 гаруй жил хүүхдүүдээ өсгөж, гэр орноо авч явсан өөрийн хүчин зүтгэлээ үнэлсэн юм.

Харин Квон түүнийг хөрөнгө оруулаагүй, компанид ажиллаж байгаагүй гэж маргаж байжээ.

Энэ оны эхээр Smilegate компаниас гаргасан мэдэгдэлд тус компанийн эхний хөрөнгө оруулалт бүхэлдээ Квоноос гарсныг баталж байлаа.

Квон, И нарын хэн хэн нь өчигдрийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой байна.

Эх сурвалж: BBC