Осло хот руу хөөрсөн Зеленскийн нисэх онгоц дронтой мөргөлдөх шахсаныг Норвегийн ерөнхий сайд мэдээлжээ

Норвегийн хааны оршуулгын ёслолд оролцох Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг тээвэрлэсэн онгоц Мягмар гарагт Молдовоос хөөрснийхөө дараа нисгэгчгүй онгоцтой мөргөлдөх шахсаныг Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Сторе өчигдөр NRK олон нийтийн телевизээр ярихдаа мэдээлжээ.

“Түүний онгоц Молдовоос хөөрөх гэж байхдаа нисгэгчгүй онгоцтой мөргөлдөх шахсан. Энэ бол түүнд тулгарч буй бодит аюулын нэг илрэл” гэж Сторе ярьсан ч хаанаас ийм мэдээлэл авснаа болон дрон хэр ойрхон байсныг хэлээгүй байна.

Молдов улсын эрх баригчид Норвегийн ерөнхий сайдын ярьсан зүйлийн талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Кишинёв хотын нисэх буудлын хөөрөх болон буух нислэгүүд Мягмар гарагт хэсэг хугацаанд зогссон нь Молдовын агаарын орон зайд Оросын хоёр нисгэгчгүй онгоц нэвтэрсэнтэй холбоотой байжээ.

Хоёр дроны нэг нь эзгүй талбайд унаж, шатсан бол нөгөө нь нислэгээ үргэлжлүүлж, хөрш Румын улсын агаарын орон зайд нэвтэрсэн байна.

Молдовын ерөнхийлөгч Майя Санду уг халдлага “хүмүүсийн амьдралд ноцтой аюул занал учруулж байна” гэж буруушаагаад Украинтай залгаа хилийн бүсэд хоёр хүний амь үрэгдсэн явдалд харамсал илэрхийлжээ.

Зеленский өчигдөр буюу Лхагва гарагт Осло хотод Норвегийн хаан V Харальдын оршуулгын ёслолд оролцсон юм.

Тэрбээр оршуулга дууссаны дараа нутаг буцсан байна.

Норвегийн ерөнхий сайд өмнө нь Мягмар гарагийн орой Украины агаарын хамгаалалтын асуудлаар Зеленскийтэй уулзах гэж байгаагаа мэдээлж байв.

Эх сурвалж: Reuters