Д.Цолмон: 65 ТӨҮГ-ыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулснаар жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон “Өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн өмчийн бодлогын шинэчлэлийн хүрээнд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан.

Хуулийн өөрчлөлтөөр төрийн өмчит хуулийн этгээдийн нэг хэлбэр болох төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болсон. Төрийн өмчит үйлдвэрийн газрын оронд төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг хуулийн этгээдийн нэр бий болсон. Ингээд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эрх зүйн статусыг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд 65 төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж, үйл ажиллагааныхаа орлогоороо санхүүждэг газруудыг Нийтийн үйлчилгээний зориулалттай төрийн өмчит компани, төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрт шилжүүлж өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Нийт 65 үйлдвэрийн газарт чиг үүргийн шинжилгээ хийгээд давхардсан чиг үүрэгтэй, адил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг нэгтгэх болон татан буулгах шаардлагатай гэж үзсэн. Ингэснээр жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна.

Тодруулбал, өөрчлөлтийн хүрээнд 21 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулах замаар 16 төрийн өмчит компани болгож байна.

37 төрийн өмчит компанийг нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах замаар 31 нийтийн үйлчилгээний байгууллага болгох. Мөн зарим төрийн өмчит компанийн төрийн байгууллагын чиг үүрэгт шилжүүлэх боломжтой байгаа" гэлээ.