Унгар улс Оросын 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөлөө

Мягмар гарагт Унгар улс Оросын 10 дипломатчийг “дипломат статустай нь үл нийцэх үйлдэл гаргасан” үндэслэлээр нутаг дэвсгэрээсээ хөөжээ.

Энэ алхам нь Москватай дотно харилцаатай өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны эрин үе дууссаныг сануулсан хэрэг болсон байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авахаа амлаад уг хариу арга хэмжээ нь Унгар улсад хүнд тусахыг анхааруулжээ.

“Будапешт дахь руссофоб үзлийн лоббид үзүүлэх хариу арга хэмжээ хатуу бөгөөд шаналгаатай байх болно” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн юм.

Унгарыг 16 жил удирдсаныхаа дараа энэ оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар эрх мэдлээ алдсан Орбан нь Европ дахь Москвагийн цөөхөн түншүүдийн нэг байв.

Түүний засаглалын жилүүдэд Унгар улс Европын Холбооны авсан хориг арга хэмжээг үл харгалзан Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн авч, Украинд олгох Европын Холбооны 90 тэрбум еврогийн зээлд хориг тавьж байсан юм.

Украины дайн эхэлснээс хойш Европын олон орон Оросын дипломатчидыг хөөсөн ч Унгар улс ганцыг ч хөөгөөгүй.

Хөөгдсөн дипломатчид нь “Венын Конвенцын дагуу олгогдсон дипломат статустайгаа үл нийцэх үйл ажиллагааг Унгар улсын нутаг дэвсгэрт явуулсан. Энэ шийдвэр нь Орос улстай дипломат харилцаагаа таслах гэсэн үг биш. Унгар улс шаардлагатай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж тус улсын гадаад хэргийн сайд Анита Орбан мэдэгджээ.

Унгарын шинэ ерөнхий сайд Петер Мадьяр болон түүний баруун төвийн үзэл баримтлалтай засгийн газар Виктор Орбаны үед муудсан Европын Холбоо, НАТО-той харилцах харилцаагаа сэргээхийг хичээж байгаа.

Тавдугаар сард парламентад үг хэлэхдээ Анита Орбан цаашдаа Унгар улсын хувьд Орос нь “түнш” хэвээр үлдэх ч шинэ харилцаа нь “нэг талаас хэт хамааралтай” байх боломжгүйг мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Reuters