Трампын нийтэлсэн газрын зурагтай холбогдуулан Исланд улс АНУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ

Даваа гарагт ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудсандаа АНУ-ын далбаагаар дэлхийн хэд хэдэн улсыг бүрхэж харуулсан газрын зургийг нийтэлсэн юм.

Тухайлбал АНУ, Канад, Гринланд, Исланд, Мексик, Төв Америк, Карибын тэнгисийг таван хошуу, судалтай далбаагаар бүрхсэн газрын зургийг тэр Truth Social хуудсандаа нийтэлжээ.

Ингэхдээ далбаанд бүрхэгдсэн хэсгийг “Америкийн Нэгдсэн Улс” гэж тэмдэглэсэн байв.

Үүнтэй холбогдуулан Мягмар гарагт Исланд улсын гадаад хэргийн яам тус улсад суугаа АНУ-ын элчин сайдыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлжээ.

Трампын нутаг дэвсгэрээ тэлэх хүсэл сонирхол хөрш орнуудтай харилцах харилцааг нэлээд хурцатгаж байгаа.

Тухайлбал тэр Гринланд арлыг нэгтгэх, Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санааг байнга илэрхийлэх болсон. Саяхан тэр бас АНУ-ын Нью Мексико мужийн нэрийг “Нью Америка” болгон өөрчилсөн газрын зургийг нийтэлж байв.

Трампын сүүлийн нийтлэлтэй холбогдуулан Исландын гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоттир өнгөрсөн сард албан тушаалдаа томилогдсон АНУ-ын элчин сайд Билли Лонгийг дуудаж уулзсан байна.

Трампын нийтэлсэн газрын зураг бас Дани улсын эрх баригчдыг нэлээд бухимдуулжээ.

Тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен “Гринландын засгийн газар болон Гринландын ард түмэн Америк хүн болохыг хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. АНУ болон дэлхийн бусад улс орнууд үүнд огт эргэлзэхгүй байгаасай гэж би хүсэж байна” гэж Данийн хэвлэлд ярьсан байна.

Трампын нийтлэлийн өмнөхөн Данийн ерөнхий сайд Метте Фредериксентэй хамт Гринланд аралд айлчилсан Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен тус бүс нутагт 200 сая еврогийн хөрөнгө оруулах төлөвлөгөөг зарласан юм.

Европын Холбооны энэ хөрөнгө оруулалт арлын ард иргэдийн боловсрол, интернэт холболт, түүхий эдийн ашиглалт, усан цахилгаан станцын төсөлд зарцуулагдах гэнэ.

Трампын нийтэлсэн зурагтай холбогдуулан АНУ-ын өмнөд хөрш Мексикийн эрх баригчид бас дургүйцлээ илэрхийлсэн юм.

Тус улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум “Мексик улс гадаад улсын колони биш, эсвэл аль нэг улсын хамгаалалтад байдаггүй, байх ч үгүй. Бид чөлөөт, тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгээрээ бахархдаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: BBC