"Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна. Төсвийн зардлыг нэмбэл инфляцыг хөөргөж, урт хугацаандаа эдийн засгаа хохирооно"

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос 2026 оны хагас жилийн тайлангаа "Шоконд бэлэн үү" сэдвээр танилцууллаа.

Тухайлбал гадаад нийлүүлэлтийн эрсдэлийн талаар МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Орос, Украины дайнтай холбоотойгоор Украины хилээс 2,500 километрийн дотор байгаа газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг ямар нэгэн хэмжээгээр бөмбөгдсөн, сүйтгэсэн. Үүнээс улбаалж Оросын Холбооны Улс(ОХУ)-д газрын тос боловсруулах өдрийн хүчин чадал нь 28 хувь буурч, 89 мужийнх нь 58-д шатахууны хязгаарлалт хэрэгжиж байна. Дам нөлөө нь манай улсын иргэд 7-8 дугаар сард мэдэрсэн.

Монгол Улсын эдийн засаг дизель дээр суурилдаг. Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход дизель хэрэгтэй. Уурхайн машин механизм ажиллуулах, олборлох, тээвэрлэхэд дизель түлш ашиглана. Ургац хураах цаг болж байна, ялгаагүй л дизель хэрэгтэй. Дизель түлш тасалдах, үнэ нь өсөх тохиолдолд эдийн засагт томоохон цохилт болох эрсдэл бий. Та бүхний мэдэж байгаачлан зарим аймаг суманд мал махаа тээвэрлэх боломжгүйд хүрч байснаас улбаалан нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөн. Махны үнэ бол хэрэглээний үнийн багцад өндөр хувь эзэлдэг.

Түүнчлэн Ормузын хоолой буюу Персийн буланд хязгаарлалтууд бий болсон. Ормузын хоолойн хөлөг онгоцны тээвэрлэлт 90 хувь буурсан. Энэ бүс нутагт газрын тос боловсруулах үйлдвэр хамгийн олон байдаг. Түүхий эдээс гадна боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн энэ бүс нутгаас ирэх боломжгүй болоод байгаа. Эндээс хэрэглээний дийлэнх бүтээгдэхүүнээ авдаг Зүүн Өмнөд Азийн орнууд, Зүүн Азийн орнууд, Хятад, Япон, Солонгост нөлөөлөл хамгийн их учирлаа. Өмнө нь үнэтэй ч гэсэн Солонгос, Хятадаас авах боломжтой байсан бол геополитикийн талаас л дэмжиж манай улсад шатахуун нийлүүлэхгүй бол өөрсдөд нь эрсдэлтэй нөхцөл үүссэн.

Дэлхийн шатахууны нийт нөөц цөөхөн долоо хоногийнх үлдсэн гэж Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп наймдугаар сард мэдэгдсэн.

Дэлхий нийтээрээ нөхцөл байдал ийм байхад энэ оны эцэс, ирэх оныг амархан даваад гарах шинж алга. Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна. Инфляц өндөр байх нөхцөл үүссэн. Гэтэл ийм байхад төсвийн төсвийн зардлыг 28 хувь нэмбэл гал дээр тос нэмсэнтэй адил болж, иргэдийн амьжиргааг хүндрүүлнэ.

Монголбанкны судалгаагаар төсвийн зардлыг 10 хувь нэмэхэд Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ийг урт хугацаандаа гурван хувь бууруулна гэсэн дүгнэлт бий. Хэрэв төсвийн зардлыг 28 хувь нэмбэл урт хугацаандаа ДНБ-ийг 10 нэгж хувиар буулгах сөрөг үр дагавартай" гэлээ.

Тэгвэл төсвийн зардлыг өсгөсөн тохиолдолд эдийн засагт ямар үр нөлөө учирдаг талаар "Төсвийн зардлыг нэмчхээр Монголбанкнаас инфляцыг өсгөхгүйн тулд бодлогын хүү зэрэг хэрэгслүүдээ чангалдаг. Банкны зээлийн хүүгийн түвшин нэмэгдэхээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаа хумьж, эдийн засагт сөрөг нөлөө учирдаг. Богино хугацаанд инфляц хөөргөдөөд, урт хугацаандаа эдийн засгаа хохироодог үйл явц болдог тул бодлого боловсруулагчид төсвийн төслийн батлахдаа бодолцож үзэх байх гэж найдаж байна" гэж тайлбарлалаа.