Философич С.Молор-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс философич С.Молор-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг энэ сарын 2-нд гаргаад буй.

Тодруулбал тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...оргон зайлах, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрийн шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун