Франц улстай киноны салбарт хамтарч, 500 сая еврогийн хөрөнгө оруулахаар болсноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч зарлав

Франц улсад айлчилж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён кино урлагийн өсөлтийг дэмжих зорилготой хоёр улсын хамтарсан санаачилгад 500 сая еврогийн ($581 сая) хөрөнгө оруулж буйг Даваа гарагт зарлажээ.

Сэн-Поль-де-Вэнс хотод зохион байгуулагдсан Люмьерийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн кино урлагийн салбарт нөлөөлж буй таагүй хүчин зүйлүүдийн талаар ярихдаа тэр үүнийг зарласан байна.

Өмнөд Солонгосын санал болгож, Францын дэмжсэн уг санаачилгын хүрээнд хоёр улс ирэх жилээс эхлэн таван жилийн хугацаанд кино урлагийн салбарт тус бүр 500 сая евро зарцуулахаар болжээ.

Энэхүү санаачилга нь хоёр улсын хамтарсан төслүүдийг дэмжих, орон нутгийн контент бүтээгчдийг дэлхийн зах зээлд гаргахад туслах зорилготойг И Жэ Мён тайлбарласан байна.

Киноны салбарт шинэ сорилт болж буй хүчин зүйлсэд цар тахлын дараах үзэгчдийн сонголтын өөрчлөлт, хиймэл оюун ухааны технологийн хэрэглээ зэргийг тэр дурджээ.

“Хэрвээ бид цаг үеийн өөрчлөлтийг зөв авч үзэхгүй бол энэ нь мэдээж хямрал авчрах болно. Гэхдээ урьдчилан сэргийлж чадвал энэ нь тодорхой боломж олгоно” гэж И Жэ Мён хэлээд хямралыг боломж болгохын төлөө ажиллахыг кино урлагийн салбарынханд уриалсан юм.

Түүний Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хамтран даргалсан Люмьерийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 30 улсын кино, энтертайнмент салбарын төлөөлөгчид оролцож, салбарынхаа ирээдүйн талаар хэлэлцжээ.

Макрон “Өөрчлөлтийг хориглох нь бидний үүрэг биш, бид тэдгээрийг удирдан чиглүүлэх ёстой” гэж хэлсэн байна.

Дээд хэмжээний чуулганаас батлагдсан “Люмьерийн Тунхаглал”-д талууд хөдөлгөөнт дүрсний салбарын өсөлтийг дэмжихэд хамран ажиллахаа амлажээ.

Эх сурвалж: Yonhap News